
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар болон Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Семинарын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэлд онцлон дурдагдсан асуудал бол хууль хяналтын байгууллагын шинэчлэл юм. Шинэчлэлийн хүрээнд аймаг орон нутаг дахь цагдаагийн байгууллагыг өргөжүүлэн шүүхийн шинжлэлийн байгууллагатай нэгтгэх болсон талаар сайд онцолж байлаа. Эхний ээлжинд 10 аймгаас цагдаагийн байрыг шинээр барьж байгуулах санал иржээ. Харин Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага нь дээрх хоёр байгууллагаас тусдаа байхаас аргагүй гэнэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд том жижиг 25 хорих газарт найман мянга орчим хүмүүжигч байгааг хойшид нэгтгэн 4-5 төвлөрсөн хорих ангитай болно гэж Г.Тэмүүжин сайд мэдэгдсэн юм. Улаанбаатар хот болон Орхон, Ховд аймагт нэгдсэн хорихтой болох шийд гарчээ. Харин зүүн бүсийн хувьд Хэнтий, Дорнод аймгийн аль нэгийг сонгох аж.
Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ:
-Манай аймагт хорих 419 дүгээр анги байгуулагдаад 40 жил болж байна. Одоогоор 300 гаруй хүмүүжигчтэй энэ ангийг манай аймагт хэвээр нь үлдээхийг хүсч байна. Тус хорих ангийн дэргэд ажилладаг тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирч муудсанаас хоригдлууд хийх ажилгүйдэх тал байгааг анхаарна уу. Тус ангийнхан туслах аж ахуй эрхэлж, хоригдлуудаа ажиллуулж байгаа хэмээсэн юм.
Д.ЦЭЭНЭ