СЕХ шүүхийн тогтоол аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

СЕХ шүүхийн тогтоол аваагүй байна

Давж заалдах шатны шүүх хурлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж үзэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Цогт тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн өчигдөр  гаргасан билээ.

Одоогоор шүүхийн уг шийдвэрийг цаасан хэлбэрээр хэргийн оролцогч талууд гардаж аваагүй байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд ч шүүхийн шийдвэр очоогүй байна. Шүүхийн тогтоол хуулийн дагуу долоо хоногийн дотор гарах аж. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч  Э.Энэбиш энэ талаар “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ямартай ч гарлаа. Одоо Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хувьд хяналтын шатны шүүх хуралд гомдол гаргах боломж байгаа. Ямартаа ч өчигдрийн шийдвэр тогтоол хоногийн дотор тогтоол байдлаар гарна. Үүний дараа уг шийдвэрийг оролцогчид гардаж авах 10 хоногийн хугацаа бий. Ингээд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрт давж заалдах эсэхээ шийдэх биз. Хэрэв давж заалдвал энэ хэрэг шийдэгдэхийн тулд дахиад хоёр сар орчмын хугацаа зарцуулах байх” гэв.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батласан тохиолдолд тангараг өргөсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах боломж бүрдэх аж.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж