Баар цэнгээний газрууд шөнө ажилладаг болно

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Баар цэнгээний газрууд шөнө ажилладаг болно

Улаанбаатарт ажиллаж буй ресторанууд 22.00, цэнгээний газрууд 00.00 цагаас хаах журамтай ч цөөнгүй нь хаалга үүдээ түгжин үйлчилгээгээ үргэлжлүүлдэг нь нууц биш юм. Үйлчлүүлэгчид ч 24 цаг болмогц гардаггүй, сууж л байдаг. Нэгэнт хэрэглэгч, үйлчлэгчийн хоёр талын хэрэгцээ шаардлага байгааг харгалзан Улаанбаатар хотод зарим баар цэнгээний газрыг шөнийн   02.00-04.00 цаг хүртэл ажиллуулах журмыг холбогдох газрууд боловсруулж эхэлсэн байна. Салбарын яамны зүгээс ч Улаанбаатар хотод согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх журамд өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн бөгөөд  шөнийн бизнесийг дэмжсэнээр иргэдэд үйлчилгээ ойртоно гэж буй аж. Гагцхүү дэг журмыг хэрхэн сахиулах, шөнийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад ямар зэрэглэл, нөхцөл тогтоох зэргийг эл журамд тодорхой заах юм байна. Шөнийн цэнгээний газрууд дотроо болон гаднах талбайгаа бүрэн камержуулахын дээр “Эрсдлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх, ямар нэгэн шалтгаанаар цагдаа дуудлаа гэхэд шатахууны зардлыг төлөх зэрэг үүрэг хүлээлгэх заалтыг шинэ журамд оруулах ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж