Нийслэлийг сайд удирдах уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийг сайд удирдах уу?


УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд эрхэм гишүүн Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын дөрвөн гишүүний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өмнөх өдөр нь мөн энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төслийг гишүүд хэлэлцээд хүлээж авалгүй буцаасан. Гишүүн Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийг 77 дахь гишүүн боллоо гэсэн бол гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа чуулганы хуралдаанд оролцох хуультайгаас биш УИХ-ын дотоод үйл ажиллагаанд оролцох ёсгүй” гэж байсан юм. Гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг буцаасан тул баасан гаригт гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцлээ.

Ч.Сайханбилэг нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд аливаа хуулийн төслийг чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед нам, эвслийн бүлгээс тав хүртэл гишүүн, нам, эвслийн бүлэг байгуулаагүй намаас нэг гишүүн, мөн бие даагч гишүүд асуулт асууж, нам, эвслийн бүлгээс гурав хүртэл гишүүн, бүлэг байгуулаагүй бол нэг гишүүн, бие дааж нэр дэвшин сонгогдсон гишүүд үг хэлж болох тухай оруулсан юм. Тухайн намын бүлэг ямар хуулийн төсөл хэлэлцэх үед хэнээр үг хэлүүлэхээ өмнө нь тогтож онлайнаар мэдээлсэн байх ёстой аж. Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудлаар дуртай гишүүн бүр үг хэлж, асуулт асууж цаг алддагийг болиулж тоог хязгаарласан нь гишүүдийн сэтгэлд тийм ч их нийцэхгүй байгаа. Тухайлбал, гишүүн Д.Загджав ийм хууль байх хэрэггүй гээд “Нэгэнт ард түмнээ төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүд сонгогчдоо төлөөлөөд үг хэлэх боломжоор хязгаарлагдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байя”, гишүүн Л.Гүндалай “Гишүүд олон дахин үг хэлэх тусмаа л хууль сайн гарна. Нам нь шийдвэрээ гаргаад болчихдог юм бол гишүүн байх ч хэрэггүй” гэж байлаа. Гишүүн С.Эрдэнэ “Гишүүд ач холбогдолгүй, давхацсан үг их хэлдэг. Долоо хоног бүрийн эхэнд хоёр намын бүлгийн дарга мэдээлэл хийж хэвлэлээр од болдог. Индүү залгахад өөдөөс Д.Лүндээжанцан гарч ирэх гээд, хөргөгч онгойлгоход Ч.Сайханбилэг цухуйх гээд байна. Засгийн газрын гишүүд бас хэвлэлийн од. Гэтэл жирийн гишүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олддоггүй. Тэгээд яагаад үг хэлэх гэсэн гишүүдийг буруутгаад байгаа юм. Гишүүдийг тэгш боломжоор хангахгүй байж хэлэх үгийг хааж болохгүй” гэлээ.

А.Тлейхан гишүүн “Хэлсэн үг нь хаана ч гардаггүй гишүүд байна. Нүүр нь ч телевизээр бутэн гардаггүй. Дандаа араасаа гардаг. Тэгэхээр парламент өөрийн суваг, бүр сонинтой болмоор байна” гэсэн юм. Чуулганы танхимд сонины гэрэл зурагчид, телевизийн зураглаачдыг зогсоодог цөөхөн цэгтэй болгосон нь зарим гишүүнийг дандаа араас нь гаргах шалтгаан болдог гэдгийг гишүүд сайн ойлгодоггүй бололтой.

Үүний эсрэг саналтай гишүүд ч цөөнгүй байв. Гишүүн Х.Баделхан “УИХ-ын зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй.  Зарим гишүүн хэтэрхий их дархан эрхтэйгээр үг хэлэх гэдэг. Үүнийг зохицуулахгүй бол болохгүй” гэсэн бол гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хуулийг баталбал Ардчилсан намын бүлгийнхэнд ашигтай, 26 гишүүнээ тав таваар нь хуваачихна. Харин 40 гаруй гишүүнтэй МАХН-ын бүлгийн гишүүдэд л үг хэлэх боломж цөөрөх байх. Гэхдээ бүх гишүүнээ оролцуулж хөгжүүлэхэд тустай юм. Нэг асуудлаар 13 гишүүн үг хэлэхэд хангалттай” хэмээлээ. Гишүүд ийнхүү хэлэлцсээр 65,1 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээр болж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үүний дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн шилжилт их байгааг гишүүд дурдаж байлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд М.Энхболдын мэдээлснээр сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам 471,5 мянгаар өсч нэг саяас дээш хүн амтай дэлхийн 477 хотын нэг болжээ. Монгол Улсын нийт хүн амын 50 илүү, хот суурины оршин суугчдын 70 гаруй хувь нь нийслэлд бөөгнөрчээ.

Нийслэлийн иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох, шилжин ирэгсдээс хураамж авах, бүр нийслэлийн иргэний татвартай болох тухай ч энэ үеэр дурдаж байлаа. Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуультай ч болох юм байна. Мөн нийслэлийн ИТХ буюу парламентыг байнгын ажиллагаатай болгох талаар төсөлд тусгажээ. Нийслэл бие даасан төсөвтэй байх, Засаг дарга, хотын захирагчийн албыг салгах, ИТХ-ын даргатай ижил эрхтэй байх гэх мэт санааг гишүүд хэлж байв. Хэрэв нийслэл татвартай болчихвол аймгийн төвүүд бас дуурайх вий гэсэн болгоомжлол харин Ж.Батсуурь гишүүн гаргасан юм. Нийслэлийн иргэдийн төвлөрүүлсэн татварын орлогын 50 хувь нь л хотын хөгжилд зарцуулагдаж, үлдсэнийг улсын нэгдсэн төсөвт авдгийг багасгах хэрэгтэйг гишүүд хэлцгээв. Э.Бат-Үүл гишүүн татварын 34 хувийг л улсын төсөвт өгдөг байя гэсэн юм.

Гишүүн Ц.Баярсайхан нийслэл өмчөөрөө барьцаалж бонд гаргах замаар хотоо хөгжүүлэх хөрөнгө босгож болохыг сануулав. Нийслэлд бараа бүтээгдэхүүний үнэ хямд байдгаас орон нутгийн иргэд олноороо шилжиж ирдгийг гишүүн А.Тлейхан хэлсэн. Улаанбаатарт нэг квт цахилгааны үнэ 79 төгрөг байхад Алтайн цаад руу 200 төгрөг. Иймд нийслэлийн бараа үйлчилгээг хөдөөгийнхтэй ижил өндөр үнэтэй болговол их нүүдэл зогсох магадлалтай гэж байлаа.

Улаанбаатарт 2004 онд бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны 74847 хүн шилжин иржээ. 2005, 2006 онд дунджаар 28 мянга, 2007, 2008 онд 33 мянган хүнээр нийслэлийн хүн ам механикаар өссөн байна. Үүнээс болж төсөв хөрөнгө, үйлчилгээ хүрэхгүй болж хүндрэл үүсдэг ажээ. Энэ оны эхний улиралд л гэхэд 4977 хүн шилжин иржээ. Хамгийн сүүлийн тоогоор Улаанбаатарт нэг сая 106 мянган иргэн оршин сууж буйг хотын мэр Г.Мөнхбаяр дуулгалаа.

Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд 87 мянган өрх огт малгүй болсон байна. Тэдний 1400 нь аймаг, сумын төв рүүгээ нүүжээ. Мөн олон өрх нийслэл бараадах нь ойлгомжтой гэж Шадар сайд хэллээ. Гишүүн Ш.Сайхансамбуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдын статустай болгох санал гаргалаа. Энэ нь Үндсэн хуульд харшлах зүйл биш гэдгийг хууль санаачлагч хэлсэн юм. Гишүүн Х.Баделхан нийслэлийг Төв аймаг тийш нүүлгэх санал дэвшүүлээд “Ойрын 50 жилд нүүлгэхгүй” гэсэн хариуг Г.Мөнхбаяр даргаас авлаа. Нийслэл гадаад орнуудад төлөөлөгчийн газартай болно гэснийг гишүүн Я.Батсуурь таашаасангүй. Тэгвэл ЭСЯ байлгах хэрэггүй гэсэн юм. Гэвч ЭСЯ төлөөлөгчийн газар хоёр өөр болохыг Нийслэлийн Засаг дарга хэллээ. Ийнхүү хэлэлцсэний эцэст уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжсэн юм.

 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж