![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/d9e7165b6556e61e/a22c0342c1609878big.jpg)
Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт орсноор боомт дахь хүнд суртлыг багасгана гэж үзэж байна. Учир нь Хилийн боомт дээр Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналт, Гааль, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар зэрэг хэд, хэдэн байгууллага шалгалтыг давхар давхар хийдэг. Энэ нь эргээд боомтоор үйлчлүүлж байгаа иргэдэд хүнд суртал үүсгэдэг байна. Зарим тохиолдолд тэр дундаа хойд хилээр нэвтрэн орж ирэхэд иргэд боомт дахь хүнд суртлыг давах хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас хийдэг давхардсан шалгалтыг багасгаж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж хурдан шуурхай хүргэхэд чиглэжээ. Нөгөө талаас хилийн боомтыг түшиглэн эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа тул Хил хамгаалах албанд хариуцаж байсан зарим нэг үүрэг чиглэлийг өөрчлөх шаардлага тулгарсан байна. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь өөр өөр сайдын мэдэлд харьяалагддаг. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын алба Шадар сайдын, Гааль Сангийн сайдын, Хил хамгаалах ерөнхий газар нь Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа. Энэ бүхнийг нэг удирдлага дор багцлахын тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнд эдгээр бүх асуудал хариуцсан бодлого багцлагддаг байхаар заалтыг тусгасан болохыг онцоллоо.
Мөн энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хилийн боомтын асуудлыг Гадаад харилцааны яам хариуцдаг болбол ямар вэ гэж байлаа. Энэ үндэслэлээ эрхэм гишүүн сүүлийн жилүүдэд гадаад худалдаа өргөжиж тэр хэрээр улс орны эдийн засагт голлох байр суурь эзлэх болсон тул үүрэг пункцийг нь өөрчлөх шаардлага байна гэж байв.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Хилийн боомтыг гадаад харилцааны яамандаа хариуцуулсан улс нэг ч байхгүй. Боомтыг дотоод хэргийн чиг үүргийн гэж үздэг. Гол нь хөгжлийг дагасан үүрэг пункцийг нь харгалзан үзэж, үзэл баримтлалыг нь боловсруулсан гэдэг тайлбар хийлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан бол Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.