Долоо хоногийн онцлох үйл явдал | News.MN

Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Өнгөрч буй долоо хоногийн даваа гаригаас эхлэн гурав хоногийн хугацаанд Гадаадад ажиллах хүч илгээх төв Өмнөд Солонгост ажиллахыг хүсэгчдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авахаар бүртгэл явууллаа. Дүүрэг болгонд болсон бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчид гурав хоног өдөр шөнөгүй дугаарлаж байлаа. Ингээд  манай тоймч А.Алтантуяагийн “Хар ажилд бүртгэх ээлжит тамлагаа” хэмээх сурвалжилсан тэмдэглэлийг дахин хүргэж байна.

2010.05.17.Тавдугаар сарын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар.    

Энэ дүр зураг эхнийх биш ээ. 2007….Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм. Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийн энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус…, зарим нь халуун наранд ухаан балартан унах…, ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах… Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Буханвелдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.
  
2005.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.  
  
Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.
Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ…

А.АЛТАНТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

95032195 2010-05-23 202.72.247.222

Солонгос хэлний “Чэйл” төв Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан шинэчлэгдсэн КЛТ шалгалтанд бэлтгэх сургалтандаа урьж байна Элсэлт өдөр бүр явагдаж байна Хичээлийг Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн магистр зэрэгтэй багш нар удирдан явуулна Утас 95032195

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж