Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Жалгын улс төрөөс зайлсхийж л байвал

Удтал хүлээсэн мөч ирж, УИХ-ын гишүүд сонгуулийнхаа тогтолцоог эргэж  харахаар болов. Энэ зорилгоор УИХ-д хоёр ч хуулийн төсөл орж ирээд байгаа. Эхнийх нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Төсөлд сонгуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг сонгож, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болон намууд хоорондоо өрсөлдөх, ингэхдээ нам тус бүр өөрсдийн нэр дэвшигчдийн жагсаалтыг мандатын тоотой тэнцүү хэмжээгээр /одоогийнхоор бол нам тус бүр 76 хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг/ гаргаж, сонгогч тус бүр нэг нам, нэг нэр дэвшигчийг сонгон дугуйлахаар заасан байгаа.

Харин хоёр дахь нь УИХ-ын гишүүн Л.Болд нарын 12 гишүүний өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хоёр хуулийн төсөл ижил нэртэй учраас цаашид төсөл санаалагчид буюу Д.Лүндээжанцан, Л.Болд нарын нэрээр нэрлээд явсан нь ойлгомжтой болох биз. Лу.Болд гишүүний санаачилсан хуулийн төсөлд сонгуулийн газар зүй хэмээх ойлголтыг анх удаагаа хуулинд оруулж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн нь засаг захиргааны нэгжийн бус, нийт хүн амын төлөөлөл гэдэг утгаар нь сонгуулийн тойргууд дахь хүн амын тоог ижил хэмжээнд байлгах, гэхдээ тойргийн тоог тухайн үеийн УИХ тогтоож өгөхөөр нээлттэй үлдээсэн байдаг. Ерөнхийдөө хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системд суурилсан гэх авч, одоогийн байгаа томсгосон тойргуудыг дахин томруулж, хүн амын тоог тэнцүү байхаар төсөлд тусгасан байна. Харин тойрог дотроо сонгуульд оролцож байгаа нам эвслүүд тухайн тойрогт оногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг гаргаж, нам болоод нэр дэвшигчийн нэрийг нэгэн зэрэг дугуйлах, үүний үр дүнд намын авсан нийт саналын хувьд тэнцүүлэн намуудын парламентад эзлэх суудлын хэмжээг тогтоох, харин нэр дэвшигчид өөрсдийн авсан саналын эрэмбээр жагсаж, намынхаа авсан суудлын тоонд багтсан нь УИХ-д суух юм. Нэгэнт тойрог томорч, үүний улмаас нэг тойрогт оногдох нэр дэвшигчдийн тоо олширсон нь сонгогчдод хүндрэлтэй гэдгийг тооцон санал авах хэсгийн хороодын тоог олшруулж, нэг хэсгийн хороонд санал өгөх сонгогчийн тоог цөөлөхөөр саналыг оруулсан байдаг. Нийт хүн амынхаа тоог мандатын тоондоо хуваах зарчмаар нэг тойрогт орох сонгогчийн тоог дундачлан гаргаж, нэлээд хэдэн аймаг, дүүргүүдийг нэгтгэн нэг тойрог болгох, нэг хэсгийн хороонд багтах сонгогчийн тоо нийслэлд 6000, аймгийн төвүүдэд 4000, сумдад 2000 байсныг бууруулж, нийслэлд 3000-4000, аймагт 2000-3000, сумдад 100-1000 байхаар төсөлд тусгажээ.

Намууд нэр дэвшигчдээ нам дотроо нууц санал хураалтаар шигшиж гаргах бөгөөд шилэгдэж гарч ирсэн 76 нэр дэвшигчээ нам дотроо үсгийн дарааллаар нь эрэмбэлэх юм. Энэ нь арай шударга бөгөөд маргаан багатай хувилбар. Харин Д.Лүндээжанцан гишүүний санал болгож буй төсөлд намууд нэр дэвшигчээ рейтингээр нь эрэмбэлэх асуудлыг тавьсан бөгөөд энэ нэгдүгээрт нам дотроо зөрчилдөөн үүсгэх талтай. Хоёрдугаарт намаас гаргаж байгаа рейтинг сонгогчдын үнэлгээтэй ижил байх албагүй учир өрөөсгөл талтай гэсэн үг.

Хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцээд ямар ч байсан үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Гэхдээ хуулийн төслүүд дээр гишүүд тэр бүр санал нэгдэхгүй, шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл олон бий. С.Баярцогт гишүүний хувьд дээрх хуулийн төслүүдийг аль аль нь пропорциональ тогтолцооны хамгийн муу элементүүдийг авсан учир энэ зарчмаар сонгуулийг нэг л удаа явуулах юм бол сонгогчид хэзээ ч пропорциональ системийг дахиж сонгохгүйгээр жигших болно. Хэрэв пропорциональ системийг авья л гэж байгаа бол нэгмөсөн Ерөнхий сайд нь парламентаа тараадаг, Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог сонгодог парламентын засаглалын хэлбэр лүү явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэвч энэ тохиолдолд дахиад л нөгөө Үндсэн хуулийн өөрчлөлт хөндөгдөх тул сонгуулийн хуулийн шинэчлэл наад зах нь хагас жилээр хойшилно гэсэн үг. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг журмыг хуульчилахаар УИХ-аас томилогдсон ажлын хэсэг наадмын өмнө төслөө өргөн барих юм гэсэн. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэсэн байр суурьтай гишүүд олон бий. Тэгэхээр өргөн барьсан төслийг намрын чуулганаар оруулна гэж үзвэл хэлэлцэж батлаад ард нийтийн санал асуулга явуулсаар байтал он дуусна. Нэгэнт 2011 он гарчихвал сонгуулийн өмнөх жил манай намууд сонгуулийнхаа тогтолцоонд өөрчлөлт оруулах эр зориг гаргах нь юу л бол. Харин ч амраар нь нөгөө тойрогт дулдуйдсан жижиг мажоритари буюу мөнгөний, жалга довны улс төр лүүгээ яваад орчих магадлалтай.

Бас нэг зарчмын зөрүүтэй байр суурь байгаа нь УИХ-ын зарим гишүүдийн ярьж байгаачлан пропорциональ системээр явбал “сонгогч өөрийн төлөөллийг УИХ-д шууд сонгох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдана гэх үзэл. Шууд сонгох гэдгийг нөхдүүд сонгогч УИХ дахь өөрийн төлөөллийг намаар дамжуулж бус, нэр дэвшигчийг дугуйлна гэж тайлбарлаад байгаа. Гэвч энэ бол албан ёсны тайлбар биш, хуучин хуульч гэгддэг гишүүдийн өөрсдийн бодож олсон зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин 1990 онд Үндсэн хуулийг батлалцсан зарим гишүүд болохоор “Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Улсын бага хурлын протоколыг аваад үзэх юм бол “шууд сонгох” гэдгийг сонгогч хэн нэгнээр дамжуулж саналаа өгөх биш, өөрийн биеэр сонгуулийн хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх гэдэг утгаар хийсэн байгаа. Сонгуулийн тогтолцооны асуудал үүнтэй хамаагүй гэж хэлж байна. Америкийн Ерөнхийлөгчийг ард түмэн нь шууд сонгодоггүй, төлөөллийн сонгогчдоор дамжуулан сонгодог аж. Энэ нь жинхэнэ утгаар “шууд бус” сонгох хэлбэр аж. 

Түүнчлэн дээрх хуулийн төслүүдэд улс төрийн намууд УИХ-д суудал авах босгыг долоон хувиар тогтоож өгснийг “жижиг намуудыг шахах бодлого” гэх шүүмлэл УИХ-д 1-2 суудалтай жижиг намуудын зүгээс гараад байгаа. Ер нь бол шүүмжилье гэвэл шалтаг мундахгүй. Дэмжье гэхэд ч бас шалтгаан олон бий. Хамгийн гол нь одоогийн тогтсон жалга дов тойрсон жижиг ус төр, мөнгөний сонгуулиас салж, намуудын хооронд бодлогын өрсөлдөөнийг бий болгоё, улс төрд хувь хүчин зүйлийг аль болохоор багасгаж, нам бодлогоо гаргадаг, хариуцлагаа ч хүлээдэг больё гэвэл пропорциональ системээ сонгох нь дээр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Ядахдаа л өнгөн дээрээ шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоо хэн нэг хувь улстөрчид ашигтай байхаасаа илүү улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд ашигтай байгаасай гэж үзвэл манай гишүүд ямар ч байсан энэ хоёр хуулийн төслийг яаж ийгээд урагш нь чирэх, хууль болгож хэрэгжүүлэх зам руу явах ёстой. Хамгийн гол нь сонгогчийн өгсөн санал парламентад тэр чигээрээ тусч байх ёстой. 51 хувийн санал авсан нам 72 суудал авч болохгүй гэдэг үндсэн зарчим. Харин “том тойрогт шилжчихвэл би ч сонгогдож чадахгүй, чи ч сонгогдож чадахгүй” гэдэг байдлаар асуудалд хандвал эргээд нөгөө муугийн муу жишээн болсон жижиг мажоритари луугаа хальтирчих аюултай. Товчхондоо сонгуулийнхаа системийг яаж тогтсоноор манай улстөрчдийн иргэний болоод улс төрийн эр зориг харагдах болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан 76 дов жалга тойрсон 76 өөр үзэл бодол Монголын нийгмийн урагшлуулахгүй юм байна, улс төрийн намууд илүү хүчтэй, хариуцлагатай, бодлоготой байж төр нь чадавхитай байх юм гэдгийг өнгөрсөн 20 жил хангалттай харуулсан.
 
Сонгуулийн тухай дээрх хоёр хуулийн төсөлтэй зэрэгцээд бас нэг хувилбар гарч ирж болох нь 50:26 холимог систем буюу. Улс төрийн нам тус бүр одоо байгаа 26 тойрог дээр нэг нэг нэр дэвшигчийг гарган өрсөлдүүлж, нэр дэвшигчдийнхээ авсан саналын хувьд тэнцүүлэн үлдсэн 50 суудлаа хуваарилах, эсвэл 26-гаасаа гадна намын нэрээр зэрэг санал хураалгаж, үлдсэн 50 суудлаа авсан саналынхаа хувьд тэнцүүлээд хуваарилах гэсэн хоёр хувилбар яригддаг. Зөвхөн холимог тогтолцоо л гэхэд 50 гаруй хувилбартай. Энэ тохиолдолд Монголын нөхцөлд аль нь илүү таарч тохирохыг сонгох амар биш боловч хэцүү гээд ухрах аргагүй. Хэрэв Л.Болд, Д.Лүндээжанцан нарын төсөл уналаа ч гэсэн энэ бол мухардал биш гэсэн үг. Тиймээс манай улстөрчдөд улс орны эрх ашиг амин чухал учраас улстөрийн эр зориг гээч зүйл бий эсэхийг харах л үлдлээ. 

Б.СЭМҮҮН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж