![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/619a3e6377910ca6/397c8ec792c8fe73big.jpg)
УИХ-ын гишүүн М.Зоригт, Н.Энхболд нараас өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуулийн хоёр хуулийн төслийг нэгтгэх эсэх талаар гишүүдийн зүгээс багагүй маргаан үүсгэсэн юм. Үүний дараа энэ хоёр төслийг нэгтгэхгүйгээр, хэлэлцэх эсэхийг нь дэмжээд анхны хэлэлцүүлэгт нэгтгэх эсэхээ намууд зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж, энэ хоёр төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шударга ёс” эвсэл, МАН-ын гишүүдээс хүсэлт тавьснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Ерөнхий сайд зургаан аймгийн Засаг дарга нарын томилгооны талаар мэдээллийг өгсөн юм.
Одоогоор Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь зэрэг аймгуудын Засаг дарга нарыг томилохгүй байгаа асуудал нь улстөржсөн үйлдэл гэдгийг МАН-ын зүгээс удаа дараа гараад буй. Ингэж бодох шалтгаан нь Засаг дарга нь томилогдоогүй зургаан аймагт МАН ялсан учраас Засаг даргыг томилохгүй байна гэж МАН үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн.
Ерөнхий сайдын тайлбарласнаар, одоогоор 15 аймаг Засаг даргатай болсон бөгөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй.
-Хөвсгөл аймгийн ИХ нь хуралдаж, Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлсэн ч энэ хүнийг АТГ-аас шалгаж байгаа учраас энэ асуудлыг шийдэгдтэл түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Л.Ганболд нь татвар төлөхөөс зайлсхийсэн учраас АТГ шалгаж байгаа аж.
-Дорнод аймгийн хувьд Иргэдийн хурал нь хуралдаж, н.Бадамсүрэнг Засаг даргад нэр дэвшүүлсэн боловч, нэг аймгийг нэг компани хувьчлах байдлаар асуудалд хандсан учраас түр үүрэг гүйцэтгэгчээр н.Цэрэнчимэдийг томилсон гэлээ.
-Дундговь аймгийн хувьд Иргэдийн хурал нь анхны хуралдаанаа хууль зөрчиж хийсэн. Өөрөөр хэлбэл, 35 гишүүн байхаас 18 гишүүнтэйгээр хуралдсан гэсэн ирц өгсөн ч дөрвөн гишүүний асуудал нь шүүхэд байсан учраас хууль бус хурал болсон гэж үзсэн гэлээ. Мөн ИХ даргад нэгээс илүү хүнийг нэр дэвшүүлбэл нууц санал хураах ёстой гэж хуулинд заасан байдаг аж. Энэ хуулийг зөрчсөн байна. Харин дараа нь дахин санал хурааж, хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн аж.
-Говьсүмбэр аймгийн хувьд хоёр гишүүний асуудал шүүхийн шатандаа явуу учраас, аймгийн Сонгуулийн хороо нь хуралдаагүй байгаа.
-Говь-Алтай аймгийн хувьд ИХ нь хуралдаж, хуралдаанаар ИХ-ын даргыг АН-ын нэр дэвшигчийг сонгосноос болж ИХ нь хоёр сар гаруйн хугацаанд хуралдахгүй байгаа юм байна.