ЭМС Н.Удвал Дархан-Уул аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

ЭМС Н.Удвал Дархан-Уул аймагт ажиллав

Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүлээгдэл чирэгдэл, ачаалалтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллав.

Дархан-Уул аймаг нь 90 гаруй мянган хүн амтай нийслэлийн дараа орох томоохон хот юм. Н.Удвал сайд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгээр орж эмч, ажилчид, үйлчлүүлэгч нартай уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо. Үйлчлүүлэгчдийн зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй эмчилгээ үйлчилгээ түргэн шуурхай гэсэн хариултыг өгч байв.

Улсын хэмжээнд он гарсаар хоёр мянга орчим хүн хальтиргаа гулгаанаас болж ясны гэмтэл бэртэл авсан байгааг Сайд дуулгаад эмнэлгийн байгууллагын гаднах цас, мөсөө цэвэрлэх шаардлагатайг хэллээ. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлага алдаа дутагдал, зан харьцааны доголдол, эмнэлгийн байгууллагын хүлээгдэл чирэгдэл, хүнд суртлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар товч танилцуулсан юм.

Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс сайдад хандаж нэлээд асуудлыг тавьж байсны дийлэнхийг нь цалин, шагнал урамшуулал, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ байсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сум гэхэд ганцхан фургон автомашинтай бөгөөд явахыг хориглосон Улсын байцаагчын дүгнэлт гарсан байгаа. Тиймээс шинэ машин авах шаардлагатай байгаа гэнэ.

Тус сумын хувьд дуудлагад хамгийн холдоо 140 орчим километр хүртэл явдаг ажээ. Дархан-Уул аймаг дахь Хувийн эмнэлгүүдийн нэгдсэн холбооны дарга Л.Бат-Эрдэнэ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаанаас үүрэлцэж яваа хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш байх нөхцлөөр хангах, тэднийг төр засаг, яамны зүгээс бодлогоор дэмжиж өгөхийг Сайдаас хүссэн юм. Дархан хотод 55 хувийн эмнэлэг байдаг бөгөөд 300 гаруй эмч мэргэжилтнүүд ажилладаг байна. Уулзалтын үеэр сайд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар гурван хүнийг шагнаж урамшууллаа. Мөн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм.

Эх сурвалж: www.moh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж