Т.Баттогтох: “Дал бол интернетийн эх үүсвэр”

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Т.Баттогтох: “Дал бол интернетийн эх үүсвэр”

Уран зургийн галерейд ах, дүү хоёр уран бүтээлч, арьсан урлаач, зураач Т.Баттулга, сийлбэрч, дуучин Т.Баттогтох нарын хамтарсан үзэсгэлэн гарчээ. Үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Сийлбэрч, зураач Т.Баттогтохтой уулзаж ярилцлаа.

-Энэ таны хэд дэх уран бүтээлийн үзэсгэлэн бэ?

-Өөрийн төрсөн ах Баттулгатайгаа хамтарсан үзэсгэлэн гэвэл анх удаа л гаргаж байна. Ганцаарчилсан үзэсгэлэнгээ Монголд таван удаа гаргасан, энэ зургаа дахь үзэсгэлэн маань. Манай Баттулга ах бол Дүрслэх урлагийн сургуулийг арьсан урлалаар төгссөн мэргэжлийн зураач, арьсан урлаач хүн байгаа. Миний хувьд Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд төгсөөд, дуулаачийн ангид орсон. Би далны ясан сийлбэрээр, ах маань арьсан урлалын шинэ төрөл арьсан баримлаар анх удаа хамтран үзэсгэлэнгээ гаргаж байна. Үүгээр далны ясан сийлбэрээ хөгжүүлээд явж байгаагаа харуулсан. Доктор профессор Лодонгийн Түдэв гуай надад хэлсэн л дээ, “Далаар хүмүүс мэргэлж байсан болохоос биш урлагийн бүтээл хийж байгаагүй ээ. Чи анхдагч нь боллоо, үүнийгээ битгий орхиорой, улам хөгжүүлээрэй” гэж… Тэр сайхан урмын үгээр анх 1995 онд далны ясан сийлбэрээ хийж байсан. Энэ удаагийн үзэсгэлэн урьд гарч байсан миний үзэсгэлэнгүүдээс бүтээл зохиомжийн хувьд шинэ дэвшилтэт санаатай, ур чадвар ч бас өссөн болов уу гэж бодож байна. Миний анхны үзэсгэлэнг үзэж байсан хүмүүс одоо энэ үзэсгэлэнг хараад ойлгох байх. Мөн далны ясан сийлбэр маань өнөөгийн төвшинд ямар хэмжээнд хүрч хөгжсөн байна вэ гэдгийг харуулж байгаа бүтээлүүд байгаа. Бас арьсан урлагийн бүтээлүүд Монголд ямархуу хэмжээнд хөгжиж байгааг харуулсан.

-Монголчууд эрт дэр үеэс далны ясыг хүндэтгэн үздэг байсан. Анх яагаад далны ясан дээр сийлбэр хийх болсон юм бэ?

-Дал бол эртнээсээ монголчуудын интернетийн эх үүсвэр шүү дээ. Далыг сэтэлдэг байсан нь мэдээллийг сарниулж байна гэдэг утгаар хийдэг зан үйл байсан. Дал дөрвөн өндрийг хамгийн хүндтэй хүндээ барьдаг. Аав, нагацынхаа дэргэд хэзээ ч  далыг барьдаггүй шүү дээ. Дал бол хамгийн хүндтэй эд. Тиймээс далны ясан сийлбэрээрээ дамжуулан далны ёс заншил, соёлыг залуу үе , үр хүүхдүүддээ сурталчлах үүднээс сонгож хийж байгаа юм. 

-Гадаадын хичнээн оронд далны ясан сйлбэрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Англи, Ирланд, Тайвань, Солонгос, Бельги гээд орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Миний далны ясан сийлбэрүүд урлагийн бүтээл сонирхож хадгалдаг дэлхийн 40 гаруй орны хүмүүсийн цуглуулгад байгаа. Монгол амьсгал, монгол зүрх сэтгэлээр хийж байгаа учраас альч улс гүрэнд очсон монгол дүр төрхөө хадгалж байх ёстой гэдэг бодлоор уран бүтээлүүдээ хийдэг.

-Гадныхан таны бүтээлийг хэр хүлээж авдаг вэ?

-Гадныхан урлаг соёлын бүтээлийг өндрөөр хүлээж авдаг хүмүүс. Энэ бол таван хошуу малын түүхий эдээр хийдэг, цоо шинэ төрлийн Монголын урлаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

 -Та бас дуучин хүн, сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний дууны уран бүтээл, сийлбэрийн уран бүтээлтэй холбогдож байгаа юм л даа. Яагаад гэвэл дуу хөгжим бол хийсвэрээр, дуу хоолойгоороо уран бүтээлээ дүрсэлж байгаа бол миний далны сийлбэр маань бодитойгоор, өнгө будаг, дүрслэлээр нэг төрлөөс нөгөө хэсэгт шилжиж байгаа юм. Миний дуулсан “Монгол бөхчүүд” гэж дуундаа зориулж сийлбэр хийсэн. Өсөхбаяр аваргыг тэмээний далан дээр сийлсэн бол, Сүхбат аваргыг үхрийн далан дээр сийлсэн байгаа. Тэгэхээр бүх юм чинь хоорондоо холбогдож явдаг. Хамгийн сүүлд 14 хоногийн өмнө Налайх дүүргийн сүлд дууг дуулсан. Би Налайхын унаган иргэн. Энэ үзэсгэлэн дуусаад 27, 28-нд Налайхын соёлын төвд хоёр хоног төрсөн нутгийн ах дүүсдээ зориулаад үзэсгэлэнгээ толилуулна. Манай аав ная гарсан өндөр настай Налайхын унаган хүн бий. Аав маань хоёр хүүгийнхээ үзэсгэлэнг Налайхад гаргах юмсан гэж аль дээрээс л ярьдаг байсан, бас нэг тодорхой хэмжээгээр аавынхаа хүслийг биелүүлж байгаа гэсэн үг л дээ.

-Дараагийн төлөвлөж байгаа ажил юу байна?

-Намар том хэмжээний үзэсгэлэн гаргана гэсэн бодолтой байна.

-Далны сийлбэрээрээ юу?

-Арай өөр төрлөөр гаргана. Аливаа урлаг хөгжих гол үндэс нь тухайн ард түмэн тойрон хүрээлж дэмжиж, тэрэндээ ая холбогдол өгч байх явдал юм. Одоо манай хүмүүс сайхан болж дээ. Урлагийн бүтээлд гар татахаа байсан байна. Урлагийн бүтээл яагаад үнэтэй  байдаг вэ гэхээр бодитой амьд, сүнслэг өөрөө он улиран хуучрах тусмаа үнэ цэнэтэй болж байдаг. Тиймээс үнэлгээний дээд хязгаар гэж үгүй. Миний ихэнх бүтээлүүд Монголд байхаасаа илүү гадагшаа их зарагдсан. Энэхүү далны сийлбэрт дан ганц миний санаа орохоос гадна өөр олон хүний оюун санаа нэмэгдвэл илүү хөгжинө. Жишээ нь, компьютер гэхэд анх байшин шиг том зүйл байсан ч олон хүний ур ухаан орсоор өнөөдрийн бидний гарт баригдах тийм жижиг  хэмжээний болтлоо хөгжсөн. Монголын урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

-Энэ чиглэлээр сургалт явуулдаг уу?

-Сургалт явуулдаггүй ээ. Харин гарын шавь бэлдэж байгаа.

-За, баярлалаа, танд. Амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж