Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаанд уриалав

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаанд уриалав

Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд тэмдэглэж буй үйл явдлуудын нэг Монголын оюутны ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойн баяр өчигдөр болов. Энэ өдөр оюуны хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, анхдагчид 20 жилийн өмнөх, оюутан нас, тэмцлийн халуун өдрүүддээ дурслаа. Баярын арга хэмжээ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлж, Улсын драмын эрдмийн теарт баярын хурал хийсэн юм.
Улсын драмын эрдмийн театр дээр болсон Монголын оюутны ардчилсан хөдөлгөөний ойн хурал дээр тавьсан Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн тавьсан илтгэл 20 жилийн ойн баярын хамгийн “амт шимттэй” хэсэг нь байсан болов уу. Учир нь ойд зориулсан ёслолын арга хэмжээнүүдийг бодвол илүү “ажил хэрэгч”, шинэ үзэл санаа агуулсан байснаараа. Тэрбээр хорин жилийн өмнө Монголын оюутнууд ардчилсан хөдөлгөөнийг хэрхэн өргөж өгснийг сануулахын зэрэгцээ одоо амьдарч байгаа нийгмийнхээ алдаа, оноог шүүн тунгаахад бусдыгаа уриалсан. Тиймээс түүний хэлсэн үг Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайдын талархлын үгээс илүү үнэд хүрсэн байх. Тэр хотондоо 4000 малтай болчихсон хэрнээ ардчилал, зах зээлийн хүнд хэцүүг шагшин шүүмжилж суугаа “алтан загасны эмгэн” мэт яриа ардчиллыг үзэн ядагчдад олз болж, шинэ цагийн амьдралын тухай билэггүй яриа бидний дунд нутагшаад байгаа тухай, 1990 оноос өмнө бол алдаж хэлсэн ганц үгнийхээ төлөө амиа алдах вий хэмээж айн ширвээтэж явсан хүмүүс эрх чөлөөгөө олж авмагцаа сайныг нь биш, мууг нь илүү хэлэх дуртай болсон. Үнэндээ бол өнгөрсөн 20 жилд монголчууд зуун дамжсан мөрөөдлөө биелүүлж, хуримтлалаа бий болгосон тухай сануулсан.
Гэхдээ бас өнөөдрийн Монголын төр засаг ардчилсан орны гэхээсээ илүү олигархиудын төр болоход ойртож байгааг ч нуугаагүй. Тэр үед чөлөөт хэвлэл, хараат бус шүүх зэрэг ардчиллын бүх институц олигархуудад худалдагдан гарт нь орж, иргэдийн эрх тэдний төлж чадах мөнгөөр хэмжигдэх болно. Ядууралд нэрвэгдсэн олон түмэн тартагтаа тулахаараа олигархууддаа бялдуучлан аврал эрдэг зарим орны жишиг Монголын нийгэмд амилж эхлээд байгааг, олигархийн засаглалыг устгахын төлөө ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагааг эхлүүлэх цаг болсныг сануулсан. Энэ давлагаа зорилгоо биелүүлэх нь парламентын зөв тогтолцоо, шударга сонгууль, шүүхийн хараат бус байдал, чинээлэг иргэдээр хэмжигдэх аж. Үүний төлөө маргаашийн ирээдүйгээ өнөөдөр зарж, заруулж болохгүй гэдгийг залууст аминчлан хэлнэ лээ. Харин олигархийн ноёрхлыг устгах, ардчиллыг эргүүлэн авчирахын тулд парламентын танхимыг хоёр болгож, сумдын төлөөллийг оруулж ирэх хэрэгтэй гэсэн нь бол зөвхөн түүний л санаа.
Ийнхүү ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч болсон оюутны хөдөлгөөний анхдагчид санал бодлоо илэрхийлэн, 20 жилийн өмнөх шигээ гал цогтой үгс хурцлан баяраа тэмдэглэлээ.
Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж