Лондон хотын Вауксхолл орчимд гарсан ослын дуудлага орон нутгийн цагаар 08.00 цагт хотын цагдаагийн газарт иржээ. Өглөөний оргил цаг байсан тул осол гарсан хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Нисдэг тэрэг кран мөргөсний дараа шууд газарт унасан бөгөөд онгоцны сэг хоёр автомашины дээр унажээ.
Өндөр барилгын оройд байрлуулсан байсан кран өдгөө барилгын оройгоос санжганасан байдалтай байгаа аж. Нисдэг тэрэг дэлбэрсний улмаас гал маналзаж, их хэмжээний утаа гарчээ. Гал сөнөөгчид галыг унтраасан ч ойр орчимд битүү хар утаа суунагласаар байгаа гэнэ.
Осол гарсан газрын эргэн тойронд үйлдвэрийн, бизнесийн зориулалттай, орон сууцны барилгууд байдаг бөгөөд Их Британийн тагнуулын алба MI6 мөн байрладаг байна. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар өнөөдөр өглөө Лондон хотод манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбоотой гэж дүгнэжээ.
Өглөөний оргил цагаар ажил, сургуулийн зүг явж байсан хүмүүс ослын улмаас тухайн газарт боогдоод байгаа гэнэ.