
Монгол Улс Үндсэн хууль баталсны 21 жилийн ой тохиох гэж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтийн нухацтай авч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хэлсэн юм. Түүнчлэн дөрөвдүгээр Үндсэн хууль нь хувийн өмч давамгайлсан эдийн засаг, хэвлэл мэдээллийн бие даасан засаглал, хүний эрх эрх чөлөөний хүрээнд олсон амжилт болохыг тэрээр онцолсон. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг дурдаж байв. Өөрөөр хэлбэл Үндэсний эрх ашгаар засаглах, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих боломж бүхий өөрчлөлт хийх шаардлагатай аж. Улс төрийн тогтолцоогоо чамбайруулах, төрийн институтуудын эрх үүргийн нэгдлийг хангах, нийгэм эдийн засгаа дунд, урт хугацаанд хөгжих горимд шилжих, хүн ам, нутагшилт, байгаль орчны аюулгүй байдал, хот төлөвлөлтийн асуудлыг иж бүрэн шийдэх бололцоог Үндсэн хуулиараа олгож, шаардлагатай өөрчлөлт хийх нь зүйтэй гэлээ. Гэхдээ хувийн өмч, иргэний эрхийн боломжуудыг хязгаарлах, сулруулж болохгүй гэдгийг лекцээрээ дамжуулан оюутнуудад хүргэсэн юм.