Пакистаны дээд шүүх өчигдөр ерөнхий сайд Раджа Ашраф Первез болон Засгийн газрын гишүүн 15 сайдыг авлигын хэрэгт буруутган баривчилж, орны хүмүүсийг нэг сарын дотор томилох тухай шийдвэрээ олон нийтэд танилцуулсан байна. Дээд шүүхээс Ашрафыг 2010 онд Усны нөөц болон эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин өнгөрөгч оны зургадугаар сард ерөнхий сайдаар томилогдсон Ашраф дээд шүүхийн дээрх шийдвэрийг эрс үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ.
Олон улсын шинжээчид шүүхийн энэ шийдвэрийг ерөнхий сайд Ашрафыг албан тушаалаас нь унагах гэсэн явуулга байж болзошгүй гэж дүгнэж байна. Тус улсын ард иргэд ч Засгийн газрыг огцруулах тухай шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан байна.
Пакистаны ард иргэд дээрх асуудалд эсрэг тэсрэг байр суурьтай хандаж буй тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Ерөнхий сайд Ашрафыг авлигын хэрэгт буруутган, нэг жилийн өмнөөс хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр ийнхүү баривчлах шийдвэр гаргажээ.
Э.АНХТУЯА