Агаарын бохирдлыг бууруулахад хамтын оролцоо чухал байна

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулахад хамтын оролцоо чухал байна

Та нийслэлийн иргэн мөн л бол амьдран суугаа орчноо цэвэр цэмцгэр, аюулгүй байлгах үйлсэд хувь нэмрээ оруулах ёстой, нийтээр даган мөрдөх журмаа биелүүлэхгүй бол таныг албадан нүүлгэнэ. Гайхаж байна уу? Энэ тухай Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх  журамд заасан ажээ. Үндсэндээ агаарын бохирдолд  иргэнтэй хариуцлага тооцохдоо албадан нүүлгэнэ гэдгийг тэр бүр яриад байдаггүй ч ийм заалт хууль, дүрмэндээ байдаг юм байна. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг зорьж ийн бичлээ. Үүгээрээ агаарын бохирдол тэдэн хувь гэж тоо хэлсэний оронд нийтээрээ дагах ёстой байдаг журмын тухай товч сануулж, уриалахыг хичээв.

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийг тогтоосон байдаг ажээ. Тухайлбал, Баянгол дүүргийг түүхий нүүрсийг хязгаарлах, Чингэлтэй дүүргийг бүрэн шаталттай зуухыг нэвтрүүлэх болон боловсруулсан түлшний нөөц нэмэгдсэн үед түүхий нүүрс хязгаарлах дэд бүс, СХД, Баянзүрх, Сүхбаатар, Хан уул дүүрэг нь бүрэн шаталттай зуухыг нэвтрүүлэх бүс гэж тус тус заасан байна. Гэтэл энэ бүст амьдардаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж хязгаарлалтын журмыг хэрэгжүүлдэггүй, мэдэх ч үгүй юм. Жишээ нь, түүхий нүүрс ашиглах ёсгүй бүс учраас түүхий нүүрснээс татгалзаж боловсруулсан түлш хэрэглэж ирсэн бол утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрэхгүй. Утаанаас болж нийслэлчүүд өглөө бүрийг “саарлаар” угтаж байна гэхдээ биш, наад зах нь агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн зүгээс хийж журмаа биелүүлмээр байна.

Журмын тухай

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх  журамд өмчийн хэлбэрээс үл хамаараад, өөрөөр хэлбэл хэн ямар сууцанд, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг авч үзэхгүйгээр:

  • Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах,
  • Агаарын чанарын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий хий, цахилгаан халаагуур болон боловсруулсан түлш сонгон хэрэглэх,
  • Гэр, орон сууц, албан тасалгааныхаа дулааныг барихын тулд нэмэлт дулаалга ашиглах,
  • Халаалтын зуух ашиглан  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх,
  • Байгууллага бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг заавал бий болгох,
  • Тухайн байгууллагын агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох,
  • Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох, агаарын бохирдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх,
  • Түлшний шаталтаас үүссэн үнсийг зориулалтын битүүмжлэл сайтай саванд хийж хадгалж, тээвэрлүүлэх ёстой ажээ.

Үүргээ биелүүлэхгүй бол албадан нүүлгэнэ

Агаарын бохирдолтой холбоотойгоор аливаа хориглосон тодорхой заалтыг та мэдэх үү?  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэх болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс түлж, шатааж болохгүй ажээ. Үүнд, амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, хог хаягдал, физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодисыг хориглосон байна.  Үүнээс гадна  стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах, хог хаягдлыг ил задгай шатаах, бүр хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд гурван яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хоригложээ.  Өөрөөр хэлбэл, эзэмшил талбайгаас нь шалтгаалж утаа гаргах яндангийн тоог хүртэл хянаж, хариуцлага тооцох журам нь байна. Гэвч хэрэгжүүлэх нь туйлын муу байна. Иргэдийн хувьд боловсруулсан түлшийг төдийлөн ашиглах боломж тааруу ч “болохгүй, чадахгүй” гээд суухдаа биш, гэр, орон сууцныхаа дулааныг хадгалах, дулаалгыг сайтар хийх зэргээр арга хэмжээг бага ч гэсэн аваад байж болох.

Утааны асуудалд аж ахуй нэгж, иргэдийн оролцооны тухайд бол ийм. Агаарын бохирдол үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг болох гэр хорооллын иргэдийн хэрэглээ, агаарын чанарыг тухайн хорооны хэсгийн ахлагчид агаарын бохирдлыг хянаж, ажилладаг албаныханд мэдээллэдэг юм. Энэ нь агаарын чанартай холбоотой үнэн зөв мэдээллийг өгөх ёстой гэсэн заалтын нэг хэсэг бөгөөд тухайн хорооны хэсгийн байцаагч ийнхүү мэдээлэл өгсөнөөрөө сар бүр урамшуулал авдаг байна. Ингээд тал бүрийн оролцоотой байж утаанаас ангижирч чадах нь байна.

Ийнхүү утаа ихэслээ гэж эзэн холбогдогчтой хариуцлага тооцох нь сонсогддоггүй ч хууль эрх зүйн орчин нь байна. Та хотын агаарын бохирдолд сөргөөр нөлөөлөх зүйл шатаах, зуух, халаагуурын систем ашиглаж байвал нэг л өдөр танай албан байгууллагад, танай гэрт хариуцлага тооцно гээд ороод ирвэл битгий гайхаарай. Яагаад гэвэл, энэ нь таны, бидний, нийтийн амьдрах орчныг аврах гэж юм шүү дээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж