Хятад тансаг хэрэглээнд 46 тэрбум ам.доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Хятад тансаг хэрэглээнд 46 тэрбум ам.доллар зарцуулжээ

Хятадын баян чинээлэг иргэд өнгөрсөн 2012 онд тансаг хэрэглээнд 46 тэрбум ам.доллар зарцуулсан гэх Америкийн “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкны мэдээнээс иш татан “China Daily” сонинд мэдээлжээ. Нийт мөнгөний 27,1 тэрбум нь гадаадад, үлдсэн 18,9 тэрбум нь дотооддоо хийсэн худалдан авалт гэнэ.
 

Фото: Aly Song / Reuters    

Хятадад тансаг хэрэглээний татвар өндөр байдаг тул тус улсын чинээлэг иргэд хилийн дээс алхаж, Лондон, Парис, Хонгконгоос үнэтэй эдлэл худалдан авдаг байна. Хонгконгт очиж буй жуулчид ихэнх мөнгөө тансаг хэрэглээний бараа худалдан авахад зарцуулдаг тул Хонгконгийн зүгээс эх газрын Хятад тансаг хэрэглээний татварыг бууруулахгүй байх сонирхолтой байдаг аж. Хэрэв Хятад дээрх татварын хувь хэмжээг бууруулбал Хонгконгийн эдийн засаг ихээхэн хохирол амсах юм.

Хятад хөрөнгийн шилжилтийн эсрэг шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч тус улсад тансаг эдлэлийн үйлдвэрлэл хөгжсөөр байна. Тухайлбал, Хятадын зүүн бүсийн Ханжоуд тансаг эдлэлийн борлуулалт 2012 онд 1,1 тэрбум ам.долларт хүрчээ.

“Goldman Sachs” банкны дүгнэснээр 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлт 8,1 хувьтай байх төлөв ажиглагджээ. Хэрэв эдийн засгийн өсөлтийн хурд энэ эрчээр тогтмол байвал Хятад дахь тансаг хэрэглээний хэмжээ 2015 онд 30 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж