Кентакки мужийн Хазард хотын коллежид буудалцаан болж, хоёр хүн үрэгдэж, нэг хүн шархадсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв.
Хазардын захиргааны техникийн коллежийн (Hazard Community and Technical College) оюутны байрны зүг орон нутгийн цагаар 16.30 цагийн орчимд зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Сургуулийн захиргаа үүнээс өөр мэдээлэл өгөөгүй ба буудалцаан гарсан бүсэд хорио тогтоогоод байна. “Hazard Herald” сонинд мэдээлснээр оюутны байрны гадаах зогсоолд байсан эрэгтэй, эмэгтэй хүн бууны суманд өртөж, амиа алджээ. Мөн тэдний хамт машинд сууж байсан эмэгтэй гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хазард хотын цагдаагийн дарга дээрх хэрэгтэй холбогдуулан ойрын хугацаанд мэдээлэл хийнэ гэжээ.
Үүнээс өмнө нэгдүгээр сарын 15-нд Миссури мужийн Сент-Луисийн бизнесийн сургуульд мөн буудалцаан гарсан юм. Зэвсэглэсэн этгээд нэг хүнийг буудаж гэмтээгээд, амиа егүүтгэхийг завджээ. Одоогоор гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа галт зэвсгийн хяналтыг чангатгах саналаа хэлэхээс хэдэн цагийн өмнө Америкийн сургуулиудад дээрх хэрэг гарчээ.