Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй дараагийн асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл зарчмын зөрүүтэй саналыг дахин нягтлах шаардлагатай хэмээн түр хугацаагаар буцсан байсан. УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, зарчмын зөрүүтэй саналууд дээр ажилласан байна. Тиймээс ажлын хэсгийхэн зарчмын зөрүүтэй саналуудыг оруулж, ирж байнгын хорооны хуралдаанаар санал хураалаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болгох зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж байна.

Байнгын хорооны гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 6.1.1-6.1.3 дахь заалтуудад багагүй маргаан үүсгэсэн. Учир нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх ёсгүй гэсэн 6.1.2 дахь заалт байх ёстой, эсвэл өөрчлөх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гарч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ заалтыг тэр чигээр нь хасах хэрэгтэй. Орон нутгийн удирдлага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхаар зөвхөн удирдлагад байгаа намаа сурталчилдаг мөн дөрвөн жил зөвхөн тэр намын ухуулга, суртал явдаг. Нөгөө талаар төрийн ажил олон нийтэд ил байх ёстой гэдгээр УИХ-ын чуулганы хуралдаан олон нийтэд ил байдаг шиг орон нутгийн Иргэдийн хурлыг ч тухайн нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж болно. Энэ мэтчилэн өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Хэрэв энэ заалтыг энэ хэвээр нь оруулъя гэж байгаа бол хасах хэрэгтэй” гэсэн саналаа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү “Энэ заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй. Орон нутгийн удирдлагын дэргэд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд намд үйлчилдэг. Тэдний үйл ажиллагааг дэмжих хандлагатай байдаг. Тиймээс зөвхөн ИТХ-ын үед шууд дамжуулах, олон нийтэд нээлттэй байдлаар тухайн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулаад, төлбөрөө төлөөд явах нь зүйтэй” гэсэн санал дэвшүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, гишүүд саналаа илэрхийлж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж