Биеийн байдлын улмаас ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацаагаа хойшлуулсан Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Гадаад хэргийн сайдаа нэрлэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Куба улсад эмчилгээ хийлгэж буй Чавес Гадаад хэргийн сайдаар Элиас Хауаг нэрлэснийг Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр тус улсын парламентад танилцуулсан байна. Гэвч ерөнхийлөгчийн санал танхимын гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээжээ. Сөрөг хүчний зүгээс ерөнхийлөгч тангаргаа өргөж, бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлсний дараа сайдыг томилох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ эцэстээ Уго Чавесийн санал болгосны дагуу Элиас Хауаг Гадаад хэргийн сайдаар томилжээ.
Венесуэлийн улстөрч Элиас Хауа нь Уго Чавесийн талын хүн бөгөөд өнгөрсөн жилийн аравдугаар сарыг хүртэл Венесуэлийн дэд ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. Уго Чавес өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэс засал хийлгэхээр Куба улс руу явахаас өмнө өнөөгийн дэд ерөнхийлөгч Николас Мадурог залгамжлагчаараа томилжээ.
Б.АНХТУЯА