![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/1/a0967a12394f48ef/43ce88f3147f7b93big.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.01.16/ тус сайтын нэг сая дахь хандагчийг зарлаж, дурсгалын зүйл гардууллаа. Датаком компанийн Маркетинг борлуулалтын захирал Бямбацэрэнгийн Үнэнбат http://www.parliament.mn сайтын нэг сая дахь хандалтын эзэн болжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөрөө http://www.parliament.mn сайтад хандалт хийж, мэдээлэл авснаар ийнхүү нэг сая дахь хандагч болсон аж.
Улсын Их Хурал зөвхөн цахим хуудсаа шинэчилсэн төдийгүй Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд ашиглагддаг интранетийн системийг шинэчлэх, цахим шуудангийн лицензтэй программ хангамж нэвтрүүлэх, дотоод мессенжерийн программ нэвтрүүлэх гэсэн багц ажлууд хийгдсэн юм.
Мөн энэ удаагийн шинэчлэлтийн гол онцлог нь анх удаа Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын хэлтэс, албад тус бүрдээ parliament.mn домайн хаягтай цахим хуудас ажиллуулах боломжийг бүрдүүлсэн явдал. Эдгээр дэд цахим хуудсуудыг үүсгэж анхдагч тохиргоог хийсэн бөгөөд мэдээлэл оруулах эрх бүхий ажилтнуудад сургалт явуулсны дараа мэдээллийн санг бүрдүүлэн нийтийн хүртээл болгоод байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.