
Тайванийн смартфон үйлдвэрлэгч “HTC” компани зах зээлийн хүрээгээ тэлэхээр харилцаа холбооны салбарын хөгжил тааруу гэгддэг Мьянмарт смартфоноо борлуулж эхэлжээ. Энэ долоо хоногоос эхлэн “HTC”-гийн ухаалаг гар утаснууд Мьянмарт худалдаалагдаж эхэлсэн байна. Онцлог нь гар утсанд мьянмар хэл суулгасан, мьянмар үсэг бүхий товчлууртай аж. Борлуулалтын хувьд компанийн урьдчилан тооцоолсон хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа “HTC” мэдэгджээ.
Мьянмар нь гар утасны хэрэглээ хамгийн багатай улсын нэг аж. Дэлхийн банкнаас явуулсан судалгаагаар тус улсын нийт хүн амны дөнгөж гуравхан хувь нь л гар утас ашигладаг байна. Гэсэн хэдий ч “HTC”-гээс өмнө Өмнөд Солонгосын “Samsung” болон Хятадын “Huawei” хямд үнэтэй бүтээгдэхүүнээ Мьянмарын зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.
Э.АНХТУЯА