Дипломат байгууллагын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Дипломат байгууллагын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзаж шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, манай улс дэлхийн 168 оронтой дипломат харилцаа тогтоосон байдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд дээд хэмжээний хэд хэдэн удаагийн уулзалт болсон, мөн  гадаад орнуудтай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд нэлээд ахиц дэвшилт гарсан жил боллоо гэдгийг онцолж байв. Тэрбээр уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийлээд 2013 онд улам илүү харилцаатай ажиллахыг хүсч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Дараа нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг төлөөлж хэлсэн үгэндээ, өнгөрсөн 2012 он Монголчуудын хувьд үйл явдлаар дүүрэн жил болсон, тухайлбал, УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулиа амжилттай зохион байгуулсан, мөн Засгийн газраа шинээр эмхлэн байгуулж амжилттай ажиллаж байгааг тэмдэглээд, Монголын төр, засгийн удирдлагууд та бүхэнд болон та бүхнээр дамжуулан Монголын нийт ард түмэнд эрүүл энх байж, хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье гэлээ.

Уулзалтад Монгол Улсад суугаа 20 орны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн болон хэргийг түр хамаарагчид, мөн олон улсын 8 байгууллагын суурин төлөөлөгчид оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж