Төрийн ордон өнөөдөр гадаад, дотоодын зочдын хөлд дарагдаж өнгөрлөө. Ордон руу зорьж очих нэг гол шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдсан "Норвегийн уул уурхайн менежмент" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг байлаа. Уг хэлэлцүүлэгт Норвегийн Ерөнхий сайд асан Кжелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан Айенар Штейнснайс нар оролцсон бөгөөд улсынхаа уул уурхайн өнөөгийн байдал, туршлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо хоёрт ордог. Уул уурхайн салбарт газрын тос, хийн түлшний олборлолт, үйлдвэрлэлт, экспортоор томоохон амжилтад хүрч, түүнийхээ орлогыг баялгийн санд төвлөрүүлэн, дөрөвхөн хувийг төсвийн зохицуулалтад ашиглан, үлдэх хэсгээс нь гадаадын томоохон ашигтай төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг, мөн бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулдаг аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвеги улсад ажлын айлчлалын үеэр тус улсын удирдлагад “Норвеги улсын эрдэс баялгаа хэрхэн үр дүнтэй ашигласан туршлага нь бидний сонирхлыг татаж байна” гэж байсан бөгөөд энэ талаар хамтран ажиллах, туршлага судлах үүргийг өгсний нэг ажил нь энэхүү хэлэлцүүлэг байв. Тус улсын газрын тос болон байгалийн хийн салбарт ажиллагсдын цалин дэлхийн хамгийн өндөр цалинд тооцогддог болохыг “Дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын цалингийн лавлах”-д дурдсан байдаг ба тус улсын газрын тосны салбарын ажилчид жилд дунджаар 1.07 сая норвеги крон буюу 180.300 долларын цалин авдаг гэнэ. Энэ бол дэлхийн дундаж газрын тосны ажилчдын цалин 80.485 доллараас хоёр дахин их юм. Хэлэлцүүлгийн үеэр Норвегийн Ерөнхий сайд асан Кжелл Магне Бондевик “Норвеги нь байгалийн хий, газрын тосны томоохон үйлдвэрлэгч. Энэ салбар нь өндөр ашигийг оруулж байдагийн адил өндөр зардал, хөрөнгө оруулалтыг шаарддаг. Уул уурхайгаас төрийн санд хэчнээн их хэмжээний мөнгө орж ирж байгааг иргэдэд байнга мэдэгдэж, таниулж байх ёстой. Норвегид газрын тосны олборлолтыг далайн гүнд хийдэг. Энэ нь маш их өртөг дагуулдаг. Жишээ нь ганц цооног гаргахад 180 сая ам.долларын зардал гардаг. Хэрэв уг цооногоос олборлолт явуулах нь амжилтгүй болвол төрөөс татварыг чөлөөлөх зэрэг уян хатан зохицуулалт ч үйлчилдэг” гэсэн бөгөөд “Засгийн эрхэнд ямар ч нам байсан газрын тос, уул уурхайн салбарт тогтвортой төрийн бодлого хэрэгжиж байдаг” тухай санаагаа илүү тодотгон тайлбарласан юм. Мөн “олборлох салбарын компаниудад ашиггүй ажиллах эхний жилүүдэд татвараас чөлөөлдөг бөгөөд үйл ажиллагаа хэвийн болох үед татвараа авч эхэлдэг. Норвегийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нийтдээ 28 хувь байдаг. Дээр нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол нэмж 50 хувийн орлогын албан татвар төлөөд нийт 78 хувийн татвар төлдөг. Уул уурхайн ордын лицензийг хэзээ ч хувийн хэвшлийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжид өгдөггүй. Зөвхөн ашиглах лиценз олгодог. Бас нэг ордыг заавал 3-4 компанид өрсөлдүүлсний үндсэн дээр өгдөг. Олборлогч компани бүтээгдэхүүнээ шууд өөрөө экспортлох эрх байдаггүй. Ложистек компаниар заавал дамжуулж худалддаг. Тэр нь заавал хувийн компани байдаг. Хувийн компаниа сайн хянадаг. Лиценз авахад гарын үсэг зурсны төлбөр гэх зэргээр мөнгө авдаггүй. Байгалийн тосны бүх нөөц төрийн өмч байхаар хуульчлагдсаг байдаг. Мөн жил бүр лиценз цэгцлэх ажил явагддаг” гэх зэрэг онцлог талуудаа ярьсан юм. Тэрээр Монголын хувьд зөвхөн эдийн засгийн ашгаа хөөж орчин тойрон, оршин суугаа газрын экологи, иргэдэд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстойгоо тооцох хэрэгтэйг сануулсан бөгөөд Норвегийн туршлагыг шууд хуулбарлана гэлгүйгээр өөрсдийн энэ салбарын загварыг бий болгохын чухлын онцолж байлаа.
Б.МАНД