– “Хэрэглээний боловсрол” гэхээр монгол хүний сэтгэхүйд нэг л бууж өгөхгүй байна л даа. Та сургалтын шинэ технологийнхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Хичээлдээ сонирхолгүй хүүхдүүдийг хэрхэн яаж сургана гэсэн үг вэ?
-Боловсролыг хэрэглээ болгоно гэж ойлговол илүү дөхөм болов уу. Хичээл болгоныг бид амьдралд нийцүүлж наалдуулж чаддаггүй. Гэтэл математикийн хичээл ч амьдралд хэрэг болдог. Үүнийг хүүхдэд ойлгуулах хамгийн хялбар арга, сургалтын шинэ технологийг АНУ-ын профессор Л.Рон Хаббард анх боловсруулсан юм. Энэхүү технологи бол хүүхэд бүрт туслах боломжийг олгодгоороо онцлог. Нэгэн хэсэг дэлхий нийтийн хэмжээнд боловсролын салбар уналтын байдалд орсон. Салбарыг хөл дээр нь босгох, багш нарын урам зоригийг сэргээх, суралцагчдыг идэвхтэй болгоход хамгийн ихээр тусалсан сургалтын технологийг Монголд танилцуулж байгаадаа бид их баяртай байгаа. Энэхүү технологийг товчдоо бол багшийн зааж байгаа хичээл, сурагчийн ойлголт хоёрын цоорхойг шийдэх зам гэж тодорхойлж болно.
-Хүүхдүүд хичээлдээ сонирхолгүй болох, бусдаасаа хоцрох нь шалтгааныг судалж үзэв үү?
-Хүүхэд мэдлэг эзэмших, эрдэм боловсрол олохд саад бэрхшээл тулгардаг. Хорьдугаар зууны жараад боловсруулсан сургалтын технологиор бол хүүхэд ганцхан үг, ганц томъёо, тэмдэгтийг ойлгоогүйгээс хоцрогдолд ордгийг илрүүлсэн. Багшийн тэр дор нь үүнийг анзаарч залруулахгүй л бол маргаашийн хичээл бүхэлдээ сонирхолгүй болно гэсэн үг. Тиймээс дэлхий нийтийн хэмжээнд “Хэрэглээний боловсрол”-ын 1200 гаруй төв ажиллаж байна. Эдгээрт нийдээ 10 мянга гаруй сургагч багш ажилладаг.
Константин Моломуж ийн өгүүллээ.
Боловсролыг амьдралд нийцүүлэх “Хэрэглээний боловсрол” сургалтын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаатай ярилцлаа.
-Яг үнэнийг хэлэхэд хэрэглээний боловсрол гэсэн үгийг сонсоод их өөр төсөөлөлттэй ирсэн. Бараг л дунд сургуулийн технологийн хичээлтэй дүйцүүлэн ойлгож байсан. Гэтэл тэс өөр технологи байдаг юм байна.
-Тийм шүү. Хэрэглээний боловсрол бол олж авсан мэдлэг боловсролоо хэрхэн хэрэглээ болгох вэ гэдгийг л хэлээд байгаа юм. Эндээс ургуулахаар боловсрол нь эргээд хүнд хэрэглээ болохуйц байх шаардлагатай болж байна. Сургалтын 60-70 хувь нь багш нарт чиглэсэн бол үлдсэн хувь нь нийгмийн бусад салбарынханд, тэр дундаа эцэг, эхчүүдэд хандсан байдаг. Зөвхөн хичээлээс хоцорсон төдийгүй буруу зуршилд автсан, нийгэмд ажиллаж амьдрахад бэрхшээл тохиолдсон бүхий л хүмүүст энэ сургалт тусална. 90 гаруй хувийн үр дүнгээ өгсөн технологижсон энэ сургалтыг багш нартаа анхлан танилцуулж байгаадаа баяртай байгаа.
-Багш нар хэрхэн хүлээн авч байна вэ?
-Одоо гурав дахь удаагийн сургалт өндөрлөж байна. Дараа дараагийн сургалт хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Үнэнийг хэлэхэд эхний сургалтад хамрагдсан багш нар маань эхэндээ янз бүрийн авир ааш гаргаж байсан. “Энэ сургалт чинь кредиттэй юү”, “Бид Орос хүнээр монгол хэл заалгах хэрэг үү” гэх зэргээр эсэргүүцэж байсан. Гэвч сургалтын явцад өөрсдийгөө таньсан. Багш нар маань дэндүү агаарт хөвсөн, биеэ тоосон “Би л заах болно” гэсэн үзэл бодолд автсан, хэтэрхий хайрцагт баригдсан гээд олон дутагдалтай нь сургалтын явцад харагдсан. Энэ бүх бэрхшээлийг даван туулах эрч хүчийг сургалтаас олж авсан гэж олон багш сэтгэгдлээ хэлж байна. Нэг багш “Би тэтгэвэрт хурдхан гарахсан гэж хүлээж байсан. Харин одоо бол энэ сайхан технологийг хэрэгжүүлж, шавь нартаа энэ тухай дуулгахыг яарч байна” гэж хэлсэн. Багш нарын хандлага их өөр болоод гарч байгаа.
-Хичнээн багшийг хамруулах вэ. Бусад салбарынхан оролцох боломжтой юу?
-Сургалтын цөм бол багш. Багшийг өөрчилж чадвал сургалтын чанар сайжирна. Тиймээс эхний ээлжинд нийслэлийн 400 багшийг шинэ технологид сургаж байгаа. Мөн УБИС-ийн төгсөх ангийн 170 оюутныг сургалтад хамруулна. Цаашдаа хөдөө орон нутгийн багш нараа ч сургах бодол байна. Энэ сургалтад чамгүй хөрөнгө зарж байгаа болохоор бусад салбарынхныг хамруулна гэж хэлж чадахгүй нь. Ер нь бол алсдаа “Хэрэглээний боловсрол” байгууллагын төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэх юм билээ. Бид ч өөрсдийн сургагч багштай болохыг зорьж байна. Гадаадаас өндөр үнээр багш хөлслөхийн оронд өөрсдийн хүмүүсээ сургаад авчихвал хөдөөгийн багш нараа хямд өртгөөр шинэ технологитой танилцуулах болно. Монголын нийт 27 мянган багшид Л.Рон Хаббардын сургалтын шинэ технологийг дуулгачихад багшийн харилцаа хандлагад их өөрчлөлт гарна. Салбарын яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь энэхүү технологитой яг тохирч байгаа юм. Энэ бүх зорилт биелчихвэл Монголын боловсрол дэлхийн тавцанд хүрэхэд ойрхон байна.