-“МТЗ”-ын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг тантай холбож тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, салбарын сайдтайгаа үл ойлголцсоноос болсон гэх мэдээллийг М.Энхсайхан өгөөд буй?
-УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Нэгэнт УИХ баталсан бол Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу явж байгаа асуудал. Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлын хэсгүүд бүх ажлын тайланг цаг бүрт нь мэдээлээд явж байгаа. Төмөр замын өргөн, нарийн цариг гэж яриад байдаг. Үүнийг нь мэргэжлийн төвшний судалгаагаар оруулсан. Монгол Улсад өмнө нь төмөр замын бодлого байгаагүй. Намайг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үед анх удаа Монгол Улс төмөр замын бодлоготой болох үетэй давхцсан юм. Бид гурван сая хүрэхгүй хүн амтай, газар нутаг томтой, асар их баялагтай. Дэлхийн газрын баялагаар бизнес хийдэг бүх орны сонирхолд орсон байгаа. Ийм үед хүн ам цөөтэй, газар нутаг томтой, мал аж ахуй эрхэлдэг манай орны баялгийг өөрсдөө бодлогоор зардаг болгох хүсэл ч бас байгаа нь тодорхой. Нөгөө талаар маш хурдтай хөгжиж, дэлхий эдийн засагт тэргүүлэх эгнээнд очиж буй урд хөршийн хэрэгцээ асар их. Тэр хэрээр бид ч бас байгалийн баялгаа бодлоготойгоор гаргах ёстой. Цөөхөн монголчууд бид баялгаа зарахдаа хяналттай, бодлоготой байя гэсэн шийдэл юм. Үүнийг л УИХ баталсан, одоо ч ярьж байна.
-М.Энхсайханыг ажлаас халсны дараа Эдийн засгийн байнгын хороон дээр Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцсэн нь анхаарал татаад байна л даа?
-Өмнөх УИХ-ын гишүүд төмөр замын талаар нэлээн мэдээлэлтэй байсан. Харин энэ УИХ-ын мэдээлэл багатай, шинэ гишүүдэд мэдээлэл өгөх зорилгоор хаалттай хуралдсан.
-“МТЗ” харьяа яам хоёрын санал зөрүүтэй байсан учраас Ерөнхий сайд цаг товлон асуудлын зөв эсэхийг ярилцая гэсэн боловч цаг товлосон өдрийн өглөө нь Төрийн өмчийн хороо халах тушаал гаргасан гэж М.Энхсайхан өөрөө хэлсэн. Төрийн өмчийн хороогоор дамжуулаад таныг энэхүү томилгоонд нөлөөлчихлөө гээд байгаа?
-Би мэдэхгүй байна. “Монголын төмөр зам” бол төрийн өмчит компани. Шинэ тогтоолоор Төрийн өмчийн хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд зангигдаж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрээ хөгжүүлнэ, үйлдвэр нь төрийн өмчит Сайншанд гэдэг ч юм уу ийм ажлуудаа зангидахын тулд манай яаманд харьяалагдаж байгаа.