Хятадууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Хятадууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ

Хятад, Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Өдгөө Монгол Улсын ДНБ-ий 20.2 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.7, экспортын 88.2 хувийг уул уурхайн салбарынхан үйлдвэрлэж буй. Түүнчлэн эл салбарын 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа нь Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур болсныг гэрчилнэ. Гэвч уул уурхайн салбарын энэ бүх өсөлт Хятад улсаас бүрэн хамааралтай. Тэр ч үүднээс уг салбарын бодлогыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгайлан анхаарч Уул уурхайн яам хүртэл байгуулсан. Гэхдээ эдийн засгаа уул уурхайн баялгаар тэтгэж буй ч эцсийн дүндээ ганцхан худалдан авагчтай байдаг нь нэг талаараа эрсдэлтэй гэдгийг учир мэдэх нь хэлдэг. Гэсэн хэдий ч өмнөд хөрш маань биднээс уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авахдаа тийм ч их харц буруулдаггүй. Харин тэд нэг зүйл хэлсэн нь “Танай хууль, эрх зүйн орчин ойлгомжгүй, төрөөс явуулж буй шийдвэр байнга өөрчлөгддөг”-т сэтгэл дундуур байдаг гэнэ.

ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХЯТАДУУДЫН ДААЛГАВРААР ӨНДӨРЛӨВ

Хятадын талын эрдэс баял­гийн төлөөлөгчид ирлээ гэхэд хэвлэлийнхэн, монголчууд тэднийг чухам ямар шийдвэр гаргах бол, юу хэлэлцэж байгаа бол гэдгийг чих тавин хүлээсэн. Гэсэн ч уншигч таны өмнө энэ зөвлөлдөх уулзалт нээлттэй болсонгүй. Бид бүхний хүлээж байсан манай улсаас авч буй нүүрсний үнийг өсгөж олон улсын жишигтэй дүйцүүлэн авах, мөн зам тээвэр, нефтийн асуудлыг цаашид хэрхэх гээд олон хариулт нэхсэн асуултыг мэдэх боломжийг хэвлэлийнхэнд олгосонгүй. Уг нь хамтран зохион байгуулагч Уул уурхайн яамнаас өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд нэлээд чухал зар тараасан. Харин зөвлөлдөх хуралд гол үүрэгтэй оролцогч өмнөд хөршийн төлөөлөгчид “хаалттай” хуралдахыг манай талд үүрэгджээ.
Хурлын дундуур буюу 11:00 цаг өнгөрч байхад БНХАУ-ын төлөө­лөгчдийн тэргүүн, тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооны дэд дарга Жан Сяоцян болон манай улсын Уул уурхайн сайд, УИХ, Засгийн газрын гишүүн Д.Ганхуяг нар сэтгүүлчдэд ямар ч асуултгүйгээр цөөн хэдэн үг хэллээ. Ингэхдээ тэд зөвхөн “Хурал эхэллээ, ажилттай үргэлжилж байна” гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Энэ үеэр Жан Сяоцян дарга “Хоёр улсын хоорон дахь төмөр зам, боомтуудыг уялдуулан хөгжүүлэх, мөн хууль, эрх зүйн орчныг сайн болгоход цаашид илүү хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Манай хоёр орны худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 6.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.3 тэр­бум ам.доллар болсон. Дэд бүтэц болон төмөр замын хөтөлбөр дээр хамтарч ажиллахыг ярилцаж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний салбарт илүү хамтарч ажиллах болно.  Түүнчлэн тус улсын “Петрочайна” компани нийт 1.4 тэрбум ам.доллар орчим хөрөнгө оруулалтыг манай улсад  хийсэн байгаа. Ингэснээрээ энэ компани хамгийн их хөрөнгө оруулагч болж буй юм. Бид цаашид өмнөд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн авах хэлэлцээр хийж байна гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

ЭНЭ ОНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 32 ХУВИАР ӨСӨХ Ч ХЯТАД АВАХ ҮНЭЭ НЭМЭХГҮЙ

Ашигт малтмалын газраас гар­га­сан тооцоо судалгаагаар энэ онд Монголын нүүрсний экспорт 32 хувиар өснө гэсэн таатай тоо гар­га­жээ. Гэвч саар мэдээ дуулгахад тус улсын компаниуд манай улсаас боловсруулаагүй нэг тонн нүүрсийг 70-аас доош ам.доллараар авах гэнэ.. Хятад улс дээрх үнээр манай нүүрсийг авснаар олон улсын зах зээлийн үнээс даруй 30 ам.доллараар бага үнээр авч буй гэсэн үг юм. Мэдээж хэрэг худалдан авагчийнх нь санал болгосон үнэ тийм ч таатай биш байгаа болохоор эдийн засагт мөн адил олигтой үр нөлөө авчрахгүй. Түүнчлэн Хятад улс нүүрснийх нь үнэ бусад улсыг бодвол хямд үнэтэй болохоор мэдээж хэрэг эл бүтээгдэхүүний хангалтын дийлэнхийг нь Монголоос авахаар шийджээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кецян өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ Манай улс газрын баялгаа гуравдагч оронд гаргахын тулд Хятадын нутгаар дамжин өнгөрүүлэхийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэвч энэ бүхний хариулт өнөөдрийг хүртэл асуулт болон үлдлээ.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж