Үнээ өсгөвөл О.Магнайд хэлээрэй

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Үнээ өсгөвөл О.Магнайд хэлээрэй

Оны өмнөхөн зарим нэг компани шатахууны үнээ 50  төгрөгөөр нэмсний маргааш таксинд өрнөсөн яриа:

-Яагаад үнэ нэмэгдчихэв
-Шатахууны үнэ нэмэгдсэн шт.

-Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдээд байхад та яахаараа км-ийнхээ үнийг 100 төгрөгөөр нэмдэг билээ. Таны машин нэг км явахад хэдэн литр бензин “иддэг” “мал” вэ? Машинууд чинь 100 км-т л зургаа, долоо за үсрээд л арван литр бензин “иддэг” юм биш үү?

-…
-Ер нь ч тэгээд 100 төгрөгөөр бензин нэмэгдсэн ч гэсэн яс юман дээрээ таксины үнэнд нөлөөлөхгүй л биз дээ.
-Тэгээд ч ингэхэд ер нь та хэзээ хаанаас үнэтэй авсан бензинээрээ яваад байгаам?

-…
 -Гэхдээ л бүх юмны үнэ нэмэгдээд байгаа биз дээ /жолооч хэсэг дуугүй байж, байж аман дотроо ийн бувтнав/
-Хэзээ, хаана юуны үнэ нэмэгдчихсэн юм бэ?
-Өчигдөр гурилны үнэ нэмэгдчихсэн байхчүүлээ
-Хэдэн төгрөгөөр…?

-….
-Тэгээд ер нь гурилны үнэ нэмэгдэх таксины үнэнд ямар хамаатай болчихов?
-Хамаатай байлгүй яадгын, би чинь гурил иддэг юм байгаа биз дээ …

Инээдтэй ч юм шиг мөртлөө яг ийм яриа өрнөсөн нь үнэн билээ. Бодвол Хэл ам сугалах гэсэн хэрүүлч нөхөр вэ” гэж буусан хойно таксины жолооч хараасан биз. Гэхдээ л яагаад бензиний үнэ нэмэхэд бүү хэл нэмэхийн сургаар л бүх юмны үнэ нэмэгдчихдэг юм болоо?

Яг энэ “теором”-оор бол махны үнэ яагаад нэмэгдсэн бэ гээд малчнаас асуувал өвсний үнэ нэмэгдсэн шүү дээ гэнэ, өвсний үнэ махны үнэд яагаад хамаатайг асуугаад хэрэггүй л дээ, уг нь манай мал хээрийн өвсөөр л хооллочихдог хэдий ч, тэгвэл өвсний үнэ яагаад нэмэгдэв ээ гэхээр тээвэрлэж авчирдаг машиных нь бензиний үнэ нэмэгдсээн гэх, бензиний үнэ яагаад нэмэгдсэн бэ гэхээр … гэх мэтчилэн монгол маягийн шоргоолжны үлгэр үргэлжилнэ. Гахайнаас хялгас авч дээс томон найзыгаа уснаас аврах гэсэн шоргоолжны үлгэрийг магад бүх монголчууд мэднэ биз.

Махны үнэ яагаад нэмэгдсэнийг махны ченжээс асуух юм бол бүр ч хөгжилтэй гинжин холбоо бүхий шоргоолжны үлгэр үргэлжилнэ.

Ядаж байхад цагаан сарын өмнө ёс юм шиг дэгддэг айдас дахиад л айсуй. Ууц, бууз бэлэгний аянд мордох гэж буй хүмүүс эхнээсээ “Дахиад л бүх юмны үнэ нэмэгдэнэ” гэж урьдчилаад шогшроод эхэлчихсэн биз. Тэгвэл түр хүлээгээд яагаад үнэ нэмэгдсэн бэ гэдэг асуултыг тавиад үзээрэй. Угтаа бол шатахууны үнэ өмнө гэнэт 200-250 төгрөгөөр нэмэгдэхэд юмны үнэ өсдөг байсан уу, эсвэл бензиний үнэ өслөө гэнгүүт дагаад өсдөг үнэ, буулаа гэхэд мөн буурдаг бил үү гэдэг асуултыг бас тавиад үзээрэй. Үнэндээ бол бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэнд үсрээд л 10 төгрөг, талхны үнэнд бол бүр долоохон төгрөгөөр “нөлөөлөх” боломжтой гэдэг юм билээ. 

Харамсалтай нь яагаад бидний хэн нь ч бензиний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд л нэг ширхэг талх, нэг ширхэг оймс, нэг кг мах, нэг км таксины үнэ дээр хэдэн төгрөг болж бууж очиж байгааг мэдэж санаж, эсвэл үнээ нэмээд байгаа даварсан этгээдүүдэд сануулж болдоггүй юм бэ?

Алийн болгон үнийн өсөлтөд бид ёс юм шиг нэрвүүлж байх юм вэ? Ядахдаа тоо одоо хэн нэгний өсгөөд тавьчихсан үнэтэй тулгарах юм бол үндэслэлийг нь асуу, үндэслэлгүй санагдаж байвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаарай. Ашгүй манайхан ойрдоо өмнө хэн ч анхаарал хяналт тавьж гомдлуудыг авч хэлэлцэж, айлгадаг “эзэн”-тэй болж, “Магнайд хэлнэ шүү” гэх үгтэй болоод байгаа юм чинь

Одоогоор бол ямар ч гэсэн шатахууны үнэ нэмэгдээгүй, валютын ханш хэвийн байгаа. Тийм учраас бараа бүтээгдэхүүний үнэ өсөх бодит “боломж” бол байхгүй, харин хий дураараа үнэ өсгөх “тероризм”-оос сэргэмжлээрэй гэж албаны хүмүүс сануулж байна лээ шүү. Үнээ үндэслэлгүй өсгөсөн “нөхөд”-ийг жинхнээсээ О.Магнайд хэлээрэй.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж