Ардчилсан намын өнгийг ротацийн сонгууль тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын өнгийг ротацийн сонгууль тодорхойлно


УИХ-ын сонгуулийн бага хувилбар буюу ротац


Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш цэнхэр өнгөө улбар туяагаар сүлж хөхөлбөр ягаан төрхтэй болсон Ардчилсан намд удахгүй нэг чухал үйл явдал өрнөнө. Тэр нь энэ сард болох Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны ротацийн буюу дотоод эргэлтийн сонгууль. Ардчилсан нам дотроо хуучин олон намаас нэгдсэний улбаа болсон фракцуудтай. Тэдний дунд эрх мэдлийн төлөөх далд тэмцэл нам үүссэн цагаас л явж ирсэн нь нууц биш. Түүнийгээ хэрэгжүүлэх ганц боломж нь ротацийн сонгууль.
Аль фракц ротацийн сонгуульд сайн өрсөлдөж ҮЗХ-нд давуу суудал авна, тэнд намын эрх мэдэл ерөнхийдөө шилжиж, ялангуяа сонгууль дөхсөн үед бол нэр дэвшигч давуу гаргах эрх олно.
Ингэхийн тулд нэр дэвшихийг хүсэгч эхлээд нэг сая төгрөгийн дэнчин олох ёстой. Сая төгрөгөө өөрөө босговол сайн, гэхдээ хүнээс хандив авбал ҮЗХ-ны гишүүн болсон хойноо нөгөө спонсороо их улс төрд чирч оруулах том үүрэг хүлээнэ. ҮЗХ-ны гишүүн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх давуу эрх эдэлдэг тул ротацийн сонгуульд ялахын тулд найраа хийнэ, хор найруулна, басхүү тухайн орон нутгийн гишүүдийнхээ саналыг татахын төлөө мөнгө хаяна. Чухамдаа их улс төрийн төлөөх шаргуу тэмцэл ротацийн сонгуулиас эхэлнэ. УИХ-ын сонгуулийн бага хувилбар ч гэж хэлж болох тэмцэл Ардчилсан нам дотор өрнөх тул хүчээ үзээд алдах гэсэн ардчилагчид чухам язганаж эхэлжээ. Үнэнийг хэлэхэд алтангадасчууд давуу байдлаа хадгалж үлдэх үү, хуучин МоАХ талынхан алдсан эрхээ сэргээх үү гэдгийн төлөөх тэмцлийн өмнө Ардчилсан нам ирээд байна.
Ардчилсан намын өнгийг ротацийн сонгууль тодорхойлно. Өөрөөр хэлбэл илүү цэнхэр МоАН, МҮДН угшлынхан давуу гарч ирэх үү, Хамтарсан Засгийн газар дахь Ардчилсан намынхны олонх болсон хөхөлбөр ягаан алтангадасчууд одоогийн байр сууриа хадгалж үлдэх үү гэдгийг энэ сонгууль харуулна гэсэн үг. Хэдийгээр УИХ-ын 2012 оны сонгуулийн чимээ холхон байгаа ч энэ удаагийн ротацийн сонгууль түүний өмнөх нэлээд том бэлтгэл болохоороо онцлог юм.

Ардчилсан нам доторх сөрөг хүчин

Намдаа дундаас дээш байр суурь эзлэгчид ротацийн сонгуульд бэлтгээд завгүй бужигнах энэ цаг дор Ардчилсан хүчний холбоо хэмээх байгууллага төвхнөж, удирдлагаа сонгочихоод анхдугаар их хурлаа товлоод байна. Холбоог анх үүссэн цагаас нь л Ардчилсан нам доторх сөрөг хүчин гэж үзэх болсон. Хэдийгээр тэд “Монгол Улсаа хөгжүүлье” гэсэн уриа дэвшүүлээд байгаа ч цаад утгаараа Ардчилсан намыг шинэчлэх санаа агуулсан нь нууц биш.
Тус холбооны төлөөлөл болсон 800 гаруй хүн ирэх долоо хоногийн дундуур Төрийн ордонд чуулна. Тэндээс нам доторх цаашдын үйл явц ихээхэн хамаарна. МоАХ, экс МоАН, МҮДН-ийн төлөөллөөс голлож бүрдсэн “баруунтан”-ы холбооныхон хурлаараа юу ярихыг одоо намын эрхийг барьж буй алтангадасчууд буюу хуучны соцдекүүд, хамтарсан Засгийн газрын танхимд багтсан сайд нар анхааран хүлээж байгаа. Ер нь ч УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа олонх суудал авсан МАХН гүйцэтгэх засаглалын танхимдаа Ардчилсан намыг урихад идэвхтэй эсэргүүцэж байсан гишүүд энэхүү холбоог бүрдүүлээд байна. Холбоог З.Энхболд толгойлж, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү нар дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэд бол ерөнхийдөө УИХ-ын нэлээд хэлэмгий гишүүд, Хамтарсан Засгийн газрыг анхнаас нь эсэргүүцэж байсан ардчилагчид. Ард нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түшиг болон сууж байгаа ч гэх.
Удахгүй болох Ардчилсан хүчний холбооны их хурлын индрээс Засгийн газрыг хатуухан шүүмжлэх үг дуулдана гэдэгт ер нь эргэлзэхгүй байна. Оюутолгойн бүтэл муутайхан гэрээнд гарын үсэг зуралцсан, иргэдэд аманд ч үгүй хамарт ч үгүй 70 мянган төгрөг тараалцсан, яамдын бодлого тарамдаж нэр муутай болсон зэрэгт гар бие оролцсон хэргийн буруутнуудыг тэд нэрлэж л таарна. Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа алдаж ам харж аялдан дагалдаж суудаг болсонд холбооны гишүүд тун таагүй хандаж байгаа. Ирэх сонгуулийн өмнөхөн МАХН хамаг эрсдлээ Ардчилсан нам руу чихээд гараад явах вий гэдгээс тэд болгоомжилж буй. МАХН-ын зарим гишүүний амнаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хариуцлагаа хуваалцана шүү нөхөөд”  гэх үгийг Ардчилсан намынхан руу чулуудах болсон нь сонгуулийн өмнө зангаа хувиргахаа илэрхийлсний цондон ч гэж хэлж болохоор.

Ардчилсан намд халаа байна уу?

Хамтран засаг барьж байгаа МАХН-ыг бодвол Ардчилсан намд залгамж үеийн асуудал хүнд байна. Одоо УИХ-д сууж байгаа гишүүдээс нэрлэвэл Л.Гантөмөр, Г.Баярсайхан, Кёкүшюзан Д.Батбаяр гэсхийгээд зогсчих гээд болдоггүй. Экс гишүүдээс Б.Батбаатар, Р.Эрдэнэбүрэн гээд цааш явдаггүй ээ. Намын удирдах бүрэлдэхүүнд дээш дэвшчих залуу бараг алга.
Хаана л бол хаана Ардчилсан намыг хуучин цагийн дурсамж хүүрнэсэн ахмадууд төлөөлдөг болж. Сонгогчдын сэтгэлд залуу, золбоолог 1990 оноор төсөөлөгддөг Ардчилсан нам одоо нэг л буурай төрхтэй болсноо анзаарч харах завгүй л явна уу.
Намын даргыг нөгөө хэдэн лидер л ээлж дараагаар авна. Тэднийг дагадаг фракцуудыг ч мөнөөх хэдэн партизан толгойлно. Аягүй дураа хүрвэл намынхаа өргөөний унь ханыг салгаж чирээд “Өөрийнхөө гэрийг барина аа хө” гээд явчихна. Ингэж зүггүйтсээр байтал 2012 оны сонгууль хаяанд буулаа. Араа бодож, халаагаа бэлтгэхгүй бол 2012 оны УИХ-д Ардчилсан намын суудаг парламентын танхимын зүүн жигүүрийг баахан буурал баавай эзлэх вий дээ гэсэн уруу бодол төрж магадгүй болжээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж