Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Цэвэр агаар санг байгуулан ажиллах болсон юм. Тус сангийн хөрөнгийг долоон зүйлд зарцуулахаар зориулалтыг нь зааж өгчээ. Сайд С.Оюуны тайлбарласнаар дээрх сан ажиллаж эхэлсэн 1,8 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 180 мянган өрхийн 100 мянгыг нь өнөөдрийн байдлаар сайжруулсан зуухаар хангажээ. Өөрөөр хэлбэл, одоо 80 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангах шаардлагатай аж. Нийт 100 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангахдаа хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон. Үүнд Мянганы сорилтын сангаас 200 мянга, Цэвэр агаар сангаас 200 мянган төгрөгийг гаргаж, хөнгөлөлт үзүүлснээр иргэд 450 мянгаас 470 мянган төгрөгийн үнэтэй зуухыг 70 мянгаас 50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөлттэйгээр худалдан авчээ. Сайжруулсан зуухыг гэр хорооллын иргэд ашиглах болсноор хорт утааны ялгаралт багассан гэдэг дүн мэдээг холбогдох байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. Гэхдээ 180 мянган өрхийн 100 мянга нь сайжруулсан зуух ашиглаж байгаа учраас илтэд үр дүн дагуулахгүй байгаа аж. Ямар ч байсан судалгааны дүнд тоос тоосонцор, азот, нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 5-20 хувиар буурсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Харин Цэвэр агаар сангаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зууханд хөнгөлөлт үзүүлэх хийгээд хорооны хэсгийн ахлагч нарын урамшуулал, шахмал түлш хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхэд зориулж 1.8 сарын хугацаанд нийт 27 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Мөн нэг зүйлийг тодруулахад 21 аймгаас долоо нь сайжруулсан зуух худалдан авах хүсэлтийг ирүүлсэн байна. Учир нь дээрх аймгуудад утаа бас улаанбаатар хотын хэмжээний гамшиг дагуулах болсон тул сайжруулсан зуух хэрэгтэй байгаа гэнэ.
100 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангажээ
Өнөөдөр болсон УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Цэвэр агаар сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.
Г.ДАРЬ