Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Газар албадан авах тухай асуудал энэхүү хуулийн төсөлтэй хамт хөндөгдөж байна. Өмчийн харилцаа руу халдсан үйлдэл бүрийн эсрэг бид хатуу зогсоно. Ингэж болохгүй” гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Эхэлж иргэнд аль газраа өмчлүүлэх вэ гэдгийг шийдэх ёстой. Эдийн засгийн баталгааг нь өгөхгүйгээр өргөн барьсан төслийг газрын багц хуулийн төсөл гэж үзэх нь өрөөсгөл. Тийм учраас энэхүү хуулийн төслийг Газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй юм. Газрыг албадан авах тухай асуудал мөн яригдаж байна. Гэхдээ төр ямар ч зорилгогүйгээр газрыг албадан авах гээгүй. Энэ асуудлыг төр зохицуулахын тулд тухайн газрыг өмчилж байгаа иргэдийн 80-90 хувь нь газраа өгөхийг хүссэн байх нөхцөлд газрыг чөлөөлдөг байх гэсэн Америк, Англи, Шинэ Зеланд зэрэг орнуудад мөрддөг хуулийн зохицуулалтыг судлах шаардлага байна” гэж байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Бүтээн байгуулалт бол нийтийн эрх ашиг гэж хэн тодорхойлсон юм бэ. Иргэдээс саналыг нь авалгүйгээр өмчилж байгаа газрыг нь төр шууд авахаар хүчлэх нь өөрөө маш буруу алхам. Маргаан гарвал эцсийн дүндээ шүүхэд асуудал очих нь. Гэтэл шүүхэд очилгүйгээр зохицуулах механизмууд бас бий. Тийм учраас эхлээд суурь хуулиа батлая. Дараа нь Газрыг албадан авах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой” гэсэн байр суурь барьж байсан ч олонхи гишүүн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.