Орон нутгийн сонгуулийн дараа 15 аймгийн удирдлага сонгогдож ажилдаа ороод буй ч зургаан аймгийн Засаг дарга одоогоор тодорхойгүй, маргаантай байгаа юм.
Аймгуудын Засаг дарга нарын уулзалт маргааш 08.00 цагаас эхлэх бөгөөд Засгийн газар Монгол Улсын эдийг засаг, нийгмийг үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, ИТХ, Засаг дарга нарын зорилт, чиг үүргийг хамтран тодорхойлох, салбарын төсвийг ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулах зорилготой юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд маргааш аймгийн Засаг дарга нарт батламж гардуулж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулах аж. Тухайлбал, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, Батлан хамгаалах, эрүүл мэнд, барилга хот байгуулалтын чиглэл зэрэг Засгийн газрын харьяа агентлаг, яамдуудын үйл ажиллагааг танилцуулах юм байна.
Хоёр өдрийн турш чуулах Засаг дарга нар пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар болон 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулга хийх байна. Мөн Засгийн газрын харьяа яам, агентлагуудаас цаг үеийн асуудал болох өвөлжилт, цаг агаарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ч Засаг дарга нарт танилцуулах ажээ.