Гватемалын зүүн бүс нутагт, хилийн ойролцоо орших Хутьяпа хотын дарга хувийн үсчингээ хүлээж байх зуур зэвсэглэсэн этгээдүүд халдаж, амийг нь бүрэлгэжээ. Гэрчүүдийн мэдээлснээр хотын дарга Карлос Энэрики Кастилло Медрано руу мотоцикль унасан хоёр этгээд зургаан удаа буудаж, амийг нь хөнөөсөн байна. Хотын даргын үхэлтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Отто Перез Молина ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Энэ бол манай улсын түүхэнд маш их гарз, хохирол авч ирсэн хэрэг боллоо. Бид 2012 онд хүн амины гэмт хэргийн тоог өмнөх жилийнхээс арван хувиар бууруулж, хүн хулгайлах гэмт хэргийг 33 хувиар бууруулсан гэсэн нааштай мэдээ хүлээн авсан. Гэвч цаашид галт зэвсэг, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй маш хатуу тэмцэх шаардлагатай байгааг өнөөдрийн хэрэг харууллаа” гэжээ.
Кастилло Медраногийн үхлийг улс төрийн ээлжит золиос хэмээн тайлбарлах нэгэн ч байгаа аж. Одоогоор цагдаагийн байгууллага, албаны бусад хүмүүс хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. НҮБ-аас гаргасан статистик мэдээллээр Гватемал хүн амины хэрэг хамгийн их гардаг орнуудын тоонд багтжээ.
Э.АНХТУЯА