Пикассогийн “муза”-г 50 саяар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Пикассогийн “муза”-г 50 саяар үнэлэв

“Sotheby” дуудлага худалдаагаар Пабло Пикассогийн 1932 онд зурсан “Цонхны дэргэд суугаа эмэгтэй” гэх зургийг үнэ хаялцуулна. Зурагт их зураачийн хайрын сахиусан тэнгэр гэгдэх Мари-Тереза Вальтерийг дүрсэлжээ. Зургийн анхны үнэ 40,2-56,3 сая ам.доллар байх аж.

Бүжигчин Хохловатай гэрлэсэн байсан Пикассо Вальтертай танилцсанаас хойш таван жилийн дараа дээрх зургийг зуржээ. Вальтер 1935 онд Пикассогийн охиныг төрүүлсэн юм.

“Sotheby’s” Лондон хотноо хоёрдугаар сарын 5-нд дуудлага худалдаа явуулж, 61 нэр төрлийн эд зүйлийг худалдаалах аж. Үүнд Пикассогийн дээрх зургаас гадна Эгон Шилегийн хэдэн зураг, Клод Монегийн “Хонхон цэцэг” цувралын зургууд багтжээ. Дуудлага худалдаагаар 240 сая орчим ам.доллар олно гэж “Sotheby’s” төлөвлөсөн байна.

Пабло Пикассогийн бүтээлүүд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрдэг. 2012 оны эцсийн дүнгээр дэлхийн хэмжээнд түүний зургуудыг дуудлага худалдаагаар нийт 334,7 сая ам.доллараар худалджээ. Тэдгээр бүтээлийн нэлээд хэдэд нь Вальтер дүрслэгдсэн нь бий. “Хонгор зул цэцэгтэй цээж баримлын натюрморт”, “Нүцгэн эмэгтэй, ногоон навчис”, “Цээж баримал” гэх мэт.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж