Тахририйг хүссэн Тахир

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Тахририйг хүссэн Тахир

Авлигад идэгдсэн Засгийн газрын эсрэг Пакистаны нийслэлд олон мянган хүний эсэргүүцлийн ажиллагаа болж байна. Канадаас эргэн ирсэн шашны онолч Мухаммад Тахир-уль-Кадрийн толгойлсон олон мянган хүнйи эсэргүүцлийн жагсаал Лахор хотоос Исламабадын зүг бүтэн хоног явж ирсэн байна. Эсэргүүцлийн ажиллагаа нь хэдий хүртэл ч үргэлжилж болзошгүй гэж шашны номлогч үзэж байгаа ба үүнийгээ Египетийн хувьсгалыг эхлүүлсэн Каирын Тахририйн талбайтай зүйрлэн ярьж буй.  

Олон мянган хүний жагсаал Лахораас Исламабад хүрэх замд. Фото: Mohsin Raza/Reuters

Лалын шашны нөлөө бүхий номлогч, эрх зүйн профессор Мухаммад Тахир-уль-Кадрийн  толгойлсон сөрөг хүчний “саятнуудын марш” нэгдүгээр сарын 15-ны өглөөнөөс Пакистаны нийслэлд орж ирлээ. Al Jazeera мэдээлснээр доктор Кадрийн талынхан Лахор хотоос маршаа эхлүүхэд 7000 орчим хүнийг цугларсан байсан ч хоногийн дараа тэдний тоо 25 мянгад хүрчээ. Нийслэлд дахиад арван мянган хүн нэмэгдэнэ. Нэгдүгээр сарын 15-ны үдээс хойш тэд нийслэлд “авлигад идэгдсэн, мэргэжлийн бус Засгийн газрын эсрэг” суулт хийж эхэлжээ.

Доктор Тахир-уль-Кадри өөрийн талынхандаа “Ногоон, ард түмний, тайван хувьсгал” гэсэн уриаг санал болгожээ. Тэрээр ярилцлагууддаа “сонгуульт дарангуйллаас ангижрах хүсэлтэйгээ” хэлж, Хосни Мубаракыг унагасан Тахрирын талбайн эсэргүүцлийг байн байн дурдаж байгаа юм. 

Пакистаны Дотоод хэргийн сайд Рехман Маликтай доктор Тахир-уль-Кадри энэ сарын 7-нд тохиролцсоны дагуу эсэргүүцлийн жагсаал Засгийн газрын байгууллагууд байрладаг “улаан бүсэд” нэвтрэхгүй. Гэхдээ богино хугацаанд үргэлжлэх цуглааныг хотын төвд хийж, тайвнаар тарах зөвшөөрлийг мөн авсан байна.

“Гэхдээ л доктор Тахир-уль-Кадрийн удирдсан жагсагчид Исламабадад байх хугацаагаа сунгахаар оролдон нэг ёсондоо Тахрирын талбайг тэнд үүсгэхийг оролдох  магадлалтай. Бүх зүйл оролцогсдын тооноос хамаарна. Эсэргүүцэгсдийн тоо олшрох нь Засгийн газарт асуудал болно гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж нутгийн сэтгүүлч Имран Мухтар өгүүлэв.

Пакистаны нэр алдартай, телевизийн хөтлөгч Мубашер Лукман өөрийн твиттертээ “Миний дүгнэлтээр цугларсан олон өдрөөс өдөрт нэмэгдэн өргөжнө. Засгийн газрын эсрэг байгаа ард түмний хилэгнэлийг үнэлэхгүй орхиж болохгүй” хэмээн бичсэн байна. “Бидний шаардлагыг хүлээн автал бид Исламабадад үлдэнэ” гэж Фейсалабад хотоос жагсагчдыг удихдан зохицуулж байгаа  Фаиза Ифтихар “The Nation” сонинд ярьжээ.

Исламабад хотын “Улаан бүс” даваа гаригийн өглөөнөөс эхлэн өргөст төмөр утсаар бүслэгдэн хаагдсан байгааг, мөн хотод орж ирэх гол замуудад хаалт тавьсан тухай уг сонинд өгүүлсэн байв. Нийслэлийн аюулгүй байдлыг хангахын тулд Дотоод яамны албан хаагчдыг хот руу татсан байна. Цуглааны үеэр 10 мянган цагдаа аюулгүй байдлыг хангах гэнэ. Хотын зарим хэсэгт шуурхай утасгүй холбоог эрх баригчид таслажээ.

Доктор Тахир-уль-Кадрийн талынхан нь исламын суфийн салааных бөгөөд “Терроризмын эсрэг айлтгал” гэсэн 600 хуудастай номнолоороо алдартай. Тэднийг исламын “Техрик-и-Талибан Пакистан” гэсэн радикал хөдөлгөөнийхөн угтахаар бэлтгэж байгаа тухай мэдээлж байна.

Пакистанчуудын ихэнх нь суфизмын урсгалыг сүсэглэгчид, харин улстөрчид ба олон нийтийн зүтгэлтнүүдийн олны өмнө хэлж ярьсан зүйлээс суннитийн чиглэлийн хэт радикал ислам давамгай анзаарагдаж байгаа. Доктор Тахир-уль-Кадри голчлон суфийг дэмждэг, тэднээс олон хүн исламын шинжлэх ухааныг судлах олон улсын “Техрик-е-минхадж уль-Коран” (Коран  судрыг хамгаалах даяанчдын хөдөлгөөн”) гэх хөдөлгөөнд хамрагддаг ажээ. Энэ хөдөлгөөн дэлхийн олон оронд, тэдний тоонд АНУ, Европт 90 саруй салбарын төлөөлөлтэй. Докторын талынхан нь суфийн сүсэгтнүүд бөгөөд дунд ангийн төлөөлөгчид байна. Тэдний дунд жинхэнэ чинээлэг хүмүүсийн цөөн тооны бүлэглэл бий.

“Техрик-и-Талибан Пакистан” хөдөлгөөний жагсаал руу довтолж магадгүй гэж Рехман Малик сайд нэг биш удаа сануулж байгаа. “The Nation” сонины тагнуулын алба дахь эх сурвалжийн мэдээгээр аюулгүйн албаныхан талибуудын яриа хэлцлийг замаас нь сонссон ба тэд амиа золиослогчдын довтолгооныг цуглааны үеэр хийх, хэд хэдэн зүтгэлтнүүдийг нь хөнөөхөөр төлөвлөөд байгаа ажээ.

Доктор Тахир-уль-Кадри өөрөө Исламабадад хуягласан автомашинаар зэвсэгт хамгаалагч нартайгаа ирнэ. Түүнийг дэмжигчдийн олон км-ийн урт цуваа дагалдаж байна. Жагсаал нэгдүгээр сарын 13-нд Пенжаб мужийн нийслэл Лахор хотод эхэлжээ. Дэмжигчдийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байгаа ба өглөөний 9.00 цагт доктор Тахир-уль-Кадрийн байрны дэргэд цугларан мөргөл үйлдсэнийхээ дараа автобус, ачааны машинд суун замдаа гарчээ. Лахор хотоос тэднийг гарч байхад цуваанд 200 автобус, 150 хөнгөн тэрэг, замын саадыг буулгахад зориулагдсан автокран, бензин зөөгч хоёр машин, нэг дизель түлштэй цистерн байв. Үүний зэрэгцээ бие засах байртай ачааны машинууд, хоол хүнс, ус, унтлагын хэрэгсэл, хийн баллон зэрэг зайлшгүй шаардлагатай эд зүйл ачсан пикапууд цуваанд явж байна.

“Энэ жагсаал бол ардчиллын төлөө, Исламабад, Лахорт суугаа завшигчид, дээрэмчдийн эсрэг, ядуусыг дарлан мөлжигчдийн эсрэг эсэргүүцэл. Энэ жагсаал бол ядарсан ядуусыг хөөн туугчид, авлигчдын эсрэг үйлдэл” гэж доктор Тахир-уль-Кадри жагсаалаа эхлэхийн өмнө хэлсэн юм.

Жагсагчид төрийн дуулал дуулан бөмбөрийн аяар бүжиглэж явлаа гэж AFP агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. Хот сууриныхан тэдний замын дагуу зогсон сарнайн дэлбээгээр тэднийг угтан дэмжиж байжээ.

Доктор Тахир-уль-Кадри хэдэн долоо хоног идэвхтэй сурталчилгаа хийн сөрөг хүчнийг татаж чаджээ. Түүний видео ролик телевизийн сувгуудаар цацагдаж зурагт хуудас нь энд тэндгүй өлгөөстэй байв.

Доктор Тахир-уль-Кадри 2006 оноос хойш амьдарч байсан Канадаас сарын өмнө буцан иржээ. Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардарийн эртний өрсөлдөгч тэрээр буцан ирсэн даруйдаа арванхоёрдугаар сарын  23-нд Лахор хотын цуглаанд үгээ хэлэв. Түүний яриаг 200 мянган хүн цугларч сонсчээ. Шашны номлогч өөрөө хэлэхдээ түүнийг хоёр сая хүн сонссон гэж байлаа. Түүний шаардлагын нэг нь ирэх тавдугаар сарын парламентын сонгуулийг “ухаалаг” шинэчлэл болгох явдал гэнэ. Депутат нэр дэвшигчдийг “урьдчилан зөвшөөрөл” авсан байх ёстой гэж доктор үзэж байна. Зөвшөөрөл авахын тулд тэр хүн татвар мэдүүлгээ шинээр гаргах хэрэгтэйг доктор шаарджээ.

“The Economist” сонинд саяхан бичсэнээр Пакистаны депутатуудын 70 хувь нь татварын мэдүүлэггүй байжээ. Мөн ихэнх улстөрчид нөлөөгөө ашиглан санхүүгийн байгууллагуудаар дамжуулан банкны өрөө цайруулдаг байсан учраас бодит өр зээл ямар хэмжээтэй нь тодорхойгүй. Доктор Тахир-уль-Кадри өөрийн шаардлагуудын ихэнх нь Үндсэн хуулинд заагдсан, гэхдээ мөрдөгддөггүй гэж онцолж байна.

Жагсагчид парламентын сонгуулийн үеэр түр Засгийн газар байгуулах эрхийг шүүгчид ба цэргийнхнээс шаардаж байгаа нь эрх баригчдад таалагдсангүй. Асиф Али Зардари өнгөрсөн жил Үндсэн хуулинд 20 дугаар нэмэлт заалт гэсэн засварыг батлуулан сонгуулийн үйл ажиллагааг өөрчилжээ. Тэр шинэчлэлийн дагуу сонгуулийн үеэр холбооны болон мужийн төвшинд парламентын гишүүдээс түр Засгийн газар байгуулахаар болсон юм. Техникийн гэх тийм түр Засгийн газар нь сонгуулийг цэвэр шударга явуулахад тустай гэж Пакистанд үзсэн аж.

2008 оны бүх ард түмний сонгуулиар байгуулагдсан иргэний Засгийн газар нь Кадри Исламабад хотод жагсаал, цуглаан хийн түр Засгийн газрын бүтцэд нөлөөлөхийг, эсвэл сонгуулийг тасалдуулахыг оролдлоо хэмээн хардаж байна. Тахир-уль-Кадри цэргийнхний талд далдуур зүтгэн тэднээс санхүүжилт авдаг гэсэн яриа Пакистанд тархаад байна. Тиймээс тэр түр Засгийн газар байгуулах эрхийг цэргийнхэнд өгөхийг хүсч байгаа гэдэг гэнэ. Пакистаны иргэний Засгийн газар нь цэргийнхний хамааралд  байдаг учраас тэд өөрсдийн сонирхлыг ямар ч хамаагүй аргаар лоббидох хүсэлтэй. Харин Кадри цэргийнхэнтэй холбоотой гэдэг нь ямар нэгэн баримтаар баталгаажаагүй.

Гэхдээ түүний байгууллага өөрийн орлого, хөрөнгийн талаар мэдээлэл өгөх хүсэлгүй байгаа. Энэ жагсаалыг хэн санхүүжүүлж байна вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр “зөвхөн дэмжигчид” гэж хариулжээ.

Террорын эсрэг номнолоороо тэр барууны чимээгүй дэмжлэгт багтаж чадсан. Баруун Пакистаны цэргийнхэнд үүнийхээ төлөө тулалж байна гэж болохоор. Гэхдээ Пакистаны цэргийн болон Америкийн албан ёсны төлөөлөгчид Тахир- уль-Кадритай холбоо сүлбээтэй гэдгээ үгүйсгэдэг.

Сануулахад, Пакистаныг үүсгэн байгуулагч Мухаммад Али Жинна өөрөө шиит байсан ч итгэл үнэмшлийн хувьд суннит, шиит гэж ялгаж салгаж байгаагүй. “Би бол суннит биш, шиит ч биш, би мусульман хүн” гэж хэлдэг байсан ч “мусульман үндэстэн” гэсэн үзэл баримтлалаа  хэрэгжүүлж чадсангүй.

Шинэ давалгааны “Аль-Каидатай” холбоотой радикал суннитууд, мөн талибууд өөрсдийгөө жинхэнэ исламын төлөө тэмцэгчид гэж зарлаад байгаа. "Лашкар-э-Тайиба", "Лашкар-и-Джангви", "Сипах-е-Сахаба" бүлэглэлүүд өөрсдийн дайсанд эрх баригчдаас гадна шиитүүдийг тооцдог.  Тэдгээр бүлэглэлүүдийг бий болгоход Пакистаны нууц албаныхан чухал үүрэгтэй оролцсон. Нутгийн шиитүүдийг дэмждэг Ираны нөлөөг бууруулахын тулд тусгай албаныхан суннитийн радикалууд саад болно гэж найдсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж