Хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь зөвхөн урлаг, спортын авьяастай хүүхдүүдэд зориулагдаагүй бөгөөд хэл, өгүүлэхүйн, хараа, орон зайн, хөдөлгөөн, тэнцвэрийн, эмнэл, сонсголын, логик, харилцааны мэдрэмжид суурилсан аж. Ингэснээр хүүхэд бүрийн сэтгэлийн гүнд байдаг гоо сайхан, ёс суртахуун, эрх чөлөөний мэдрэмжийг нээн гаргаж, залж чиглүүлэх юм. Үүний үр дүнд нь хүүхэд бүр суут бүтээл туурвихгүй юм гэхэд өмнөө зорилго тавьж тэмүүлэх, тэсвэр хатуужилтай болох, бусдад зөөлөн сэтгэлээр хандах чадвартай болох юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны хичээлүүддээ сонирхолтой болох, сурах арга барил эзэмших, илүү гүнзгийрэн суралцах боломжийг хүүхэд бүрд олгоно гэж багш нар үзэж байна.
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль дээр нийтдээ 29 төрлийн дугуйланд 1000 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм байна. Тус сургууль дээр олон улсын дасгалжуулагч, спортын мастер Т.Мэргэн ирээдүйн олимп, дэлхийн аварга теннисчдийг бэлтгэх зорилго тавиад ажиллаж байна. Түүнтэй ярилцлаа.
-Та дугуйлан хичээллүүлээд хэр удаж байна. Хүүхдүүдээ хэрхэн сонгож авсан бэ?
-Манай сургалт өнгөрсөн арваннэгдүгээр 26-нд эхэлсэн. 15 хүүхэд сонгож авсан боловч хоёр нь эрүүл мэндийн асуудлаас болоод чөлөөлөгдчихөөд байна. Манай хүүхдүүд их авьяаслаг, сайн сурч байгаа. БШУЯ-ны хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд тус сургууль дээр ширээний теннисний дугуйлан хичээлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд 6-7 настнуудыг авч хичээллээд үр дүнгээ өгч байна. Ээж, аав, багш нар ч сэтгэл ханамжтай байгаа. Авьяас хөгжүүлэх хөтөлбөрийн гол зорилго нь мундаг сайн тамирчин бэлдэхээс гадна эрүүл чийрэг бие бялдартай, зөв боловсон хүмүүжилтэй, зөв монгол хүүхдийг гаргаж ирэх явдал. Ингэж ажиллаж, сургаж бас санхүүжүүлж болдог юм байна. Гаргаж ирсэн энэ загвараа хадгалж хүүхдүүдээ олон улсын түвшинд ширээний теннис зааж сургах нь миний гол зорилго юм даа.
-Сайн тамирчин болохын тулд хэдэн наснаас эхэлж хичээллэх ёстой вэ?
-Ер нь олон улсын түвшинд тэр дундаа ази сургалт их бага 4-5 наснаасаа хичээллэж эхэлдэг. Европийн зарим мундаг тамирчид 3 наснаас эхэлсэн байдаг. Манайх бол 7-8 настай эхэлж байна. Энэ нь бас л урагшаа ахиж байгаа үзүүлэлт. Үүнээс дээш насныхан болоод ирэхээр хөдөлгөөн нь тогтчихсон байдаг учраас эвдэх хэцүү байдаг. Манайд өсвөр үеийн болон идэрчүүдийн аварга шалгаруулах теннисний тэмцээн тогтмол явагддаг. Мөн олон улсын хэмжээнд 12-оос доош насны тэмцээн гэж явагддаг. Үүнд манай өсвөрийн тамирчид олон жил дараалан сайн оролцож, өндөр амжилт гаргаж ирсэн. Энэ хэд маань ч адилхан өндөр амжилт үзүүлнэ. Ирээдүйн дэлхий, олимпийн ширээний теннисний аваргууд эндээс тодорно гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэрний төлөө бид нар ажиллаж байна. “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн удирдлага миний үйл ажиллагааг маш сайн дэмжиж байгаад талархаж байна. Хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзаж “Та бүхэн хүүхдүүдээ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байж, тууштай дэмжээрэй” гэж хэлсэн. Эрүүл чийрэг, зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх ийм сайхан ажил санаачилсан БШУ-ны сайд Л.Гантөмөрт баярлаж байна. Хүүхдүүд маань сайхан жигдэрч, зориг эрмэлзэл, авьяас чадвараа дайчлаад эрч хүчтэйгээр бэлтгэл сургуулиулалтаа хийж байна.
-Ширээний теннисний бусад спортоос давуу тал нь юу вэ?
-Эсрэг талаас байнга довтолж секунт хүрэхгүй хугацаанд янз бүрийн асуултын тэмдэг ирж байдаг. Эсрэг талаас хэзээ ч, ямар ч эргэлттэй бөмбөг ирж магадгүй учраас маш хурдан сэтгэх хэрэгтэй болдог. Тэрийг дагаад тоглоход тамирчнаас хурд, хүч, авьяас чадвар, мэдлэг, оюун ухаан зэрэг шаарддаг. Ерөөсөө л эргэлт, хурд, бөмбөгийг дуртай газраа унагаах чадвар юм.
-Энэ спортод ямар бие галбиртай хүүхэд амжилт гаргах магадлалтай вэ?
-Ямар ч спортод нуруу 80 хувийн үүрэг гүйцэтгэдэг. Ширээний теннисний тамирчдын хувьд өндөр нуруутай болсон. Манай залуучууд ч өндөр болсон. Одоо сонгож аваад байгаа энэ бяцхан хүүхдүүд ч үеийнхнээсээ харьцангуй нуруу өндөртэй.
Д.Мэргэн дасгалжуулагчийн шавь “Эрдмийн-Өргөө” сургуулийн 2е ангийн сурагч Г.Ганбадралаас дугуйлангийнх нь талаар сонирхлоо.
-Теннисний спортоор хичээллэх ямар байна?
-Хичээл сонирхолтой байна. Би ширээний теннисний дугуйланд явснаас хойш анхаарлаа сайн төвлөрүүлдэг болсон. Теннисний спортоор хичээллэж амжилт үзүүлэхэд толгойдоо сайн бодож, чихээрээ сонсч, нүдээрээ харж тоглох юм бол сайн амжилт үзүүлнэ гэж багш хэлсэн. Дасгалаа улам сайжруулж олимпийн аварга тамирчин болно.
-Энэ спортын юу нь чамд таалагдаж байна?
-Одоо сургууль амарч байгаа болохоор гэртээ уйдаад байгаа. Тийм болохоор дугуйландаа ирээд дасгалаа хийх гоё байдаг. Энд ирээд олон найзуудтай болж, зөндөөн дасгал хийж сурч байгаа.