Монголчуудад хаалттай “Оюутолгой”-н тендерүүд

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Монголчуудад хаалттай “Оюутолгой”-н тендерүүд

Бүх монголчуудын найдлага болсон “Оюутолгой”-н ашиглалт хүлээж, хүсч найдаж байсныг бодоход удаан ч гэсэн урагшилж байна. Мөн л хүлээж, хүсч байсанчлан монголчууд “Оюутолгой”-гоос ашиг хувиа хүртэж чадаж байна уу гэсэн асуулт эргэлзээтэй хэвээр, магадгүй бүр салхинд далдчин бөхөх гэж байгаа зулын гэрэл шиг сүүмгэр хэвээр байна. Гэхдээ энд зарим нэг улстөрчдийн маргалдаад байдаг “Оюутолгой”-н хувь эзэмшлийн тухай хэлж байгаа хэрэг биш шүү. Энэ бол “Оюутолгой”-г тойрсон ажлын байр үй олноороо бий болж, монголчууд хоол хүнс, ажлын хувцаснаас эхлээд тоног төхөөрөмж өөр юу байдаг юм бэ, бараа үйлчилгээг нийлүүлэх, цаашилбал, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн ажилд оролцон, хийснийхээ хэрээр ашгаа хүртэх хүсэл эрмэлзлэл.

Харин өнөөдөр “Оюутолгой” өрмийг нь аваад хусмыг нь үлдээв гэдэг шиг монгол компаниудаар зөвхөн бага шиг үнийн дүн бүхий ажил үйлчилгээ тендерийг л “олгоод” томоохон төсөл, тендерүүдийг “томчууд”, тухайлбал гадаадынхан “хүртэж” байна гэсэн шүүмжлэл хэвээр байна. Өмнө нь бол хоол хүнсийг хүртэл гадаадын компани нийлүүлж, үйлчилдэг, бичгийн цаас авахдаа ч Бээжинд байдаг ханган нийлүүлэлтийн компаниар дамжуулдаг байсан бол одоо эелдгээр хэлэхэд байдал арай дээрдсэн гэх боловч Монголын компаниудын хувьд “Оюутолгой” хүрч боломгүй оргил, халдаж боломгүй хаалттай бүс хэвээр л байгаа бус уу.   
 
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил “Оюутолгой”-д очиж танилцахдаа бараа үйлчилгээ авахдаа, мөн томоохон тендерийн сонгон шалгаруулалтад үндэсний үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчдийг түлхүү оролцуулахыг хатуухан анхааруулж байсан. Төсөрхөн өгсөн ярилцлагадаа ч энэ тухай дахин хатуухан сануулна билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулгаа ийнхүү дахин дахин сануулаад байгаагийн учир нь эртнээс яригдсан энэ хүсэлт үр дүнд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл гэхээс өөр аргагүй.

Харин ”Оюутолгой” ХХК-ийнхан энэхүү анхааруулга-хүсэлтийг тун ч эелдгээр хүлээн авч байгаагаа илэрхийлэн Монголын үйлдвэрлэгчдийг “үлэмж таатай”-гаар дэмжин, тендерийн шалгаруулалт, бараа үйлчилгээний худалдан авалтдаа онцгой ихээр анхаарч байгаа гэж тайлбарлаж, бас ч үгүй итгэл үнэмшил төрүүлэхүйц гоёхон тоо хэлдэг. Тус компанийн зүгээс 2011 онд үндэсний аж ахуйн нэгж, нийлүүлэгчдээс 238,8 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авахаар жагсаалт гарган батлаад байгаа талаар УИХ-ын байнгын хорооны хуралдаанд танилцуулж байсан. Бас л тун дажгүй тоо мэт боловч 2010-2011 онд нийт 887 сая ам.долларын бараа үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан гэх тоотой харьцуулахад нэгийг өгүүлэх буй за.
“Манай” “Оюутолгой” компанийнхан орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс "онц их" хэмээний бүтээгдэхүүн авч байгаагаа илэрхийлэн ингэний хоормог хорхой ааруул тэргүүтнийг дэлгэн харуулж, мөн л “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр өсч хөгжин дэвжиж байгаа аж ахуйнуудыг бүтээгдэхүүн болох эсгий оймс, бэлэг дурсгалын зүйлс, ажлын хувцас, гар аргаар хийсэн чихмэл тоглоом тэргүүтнүүдийг харуулсан үзэсгэлэн, танилцуулга ч хийж л байсан. Бас ч яах вэ болж л байна. 

Гэхдээ Монголын үндэсний үйлдвэрлэгчид, компаниуд илүү ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэдгийг дахин сануулах нь илүүц ч байх. Уг нь үндэсний компаниуд тухайлбал, томоохон гэгддэг компаниуд “Оюутолгой”-н томоохон тендерт өрсөлдөн, боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллахыг хүсдэг ч харамсалтай нь, өнөөдөр ч тэдний хүсэл хад мөргөсөн мэт алдарч, “хоншоор” дутаж байна гэдэг.

Компанийн зүгээс хэлдэг бас нэг тайлбар гэвэл хууль, журамд заасны дагуу тодорхой үнийн дүн бүхий тендер шалгаруулах зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг гэх. Энэ ч бас зүй ёсны байх ёстой зүйл. Гэхдээ тендерийн зарыг хэвлэл мэдээллээр зарлаад өнгөрөх нэг хэрэг. Харин шалгаруулалт хэрхэн явагдсан, бүр адаглаад “хэн” ямар тендерт шалгарсан гэсэн мэдээллүүд ил тод байх ёстой нь ч бас зүй ёсны асуудал билээ. Харамсалтай нь, ”Оюутолгой”-н тендерт, ялангуяа өндөр үнийн дүн бүхий тендерт хэн гэгч “азтай” нь яаж шалгараад байгаа нь тодорхойгүй байдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Тийм ч учраас том “гар”-ын эсвэл том “ар”-тай, тэр дундаа гадны том компаниуд, Монголын гэх нэртэй боловч гадаад “эзэд”-тэй компаниуд томоохон тендерүүдийг “шүүрч” байгаа гэсэн хардлага баттай хэвээр байна.   

Тухайлбал, тун удахгүй буюу энэ сарын 29-нд шалгаруулах ёстой хүдэр тээвэрлэх тендерт л гэхэд “хэн” ялагч болох бол гэсэн сонирхолтой хүлээлт байгаагийн дээр эхнээсээ гадаад эзэнтэй компани шалгарах нь нэгэнт тодорхой гэсэн яриа хэдийнэ дэгдээд байна.

Ер нь ч тэгээд аливаа хаалттай эсвэл итгэл үл төрүүлэхүйц байдлаас л элдэв хардлага төрдөг нь жам ёсны бөгөөд ялангуяа Монголын өнөөгийн нөхцөлд хардлага бүр шахуу бодитой болдог гэдгийг сануулах юун.

Эцэст нь асуухад зүгээр л бид “Оюутолгой”-гоос хувь хүртэх ёстой /мэдээж хэрэг бид хувь хүртэх ёстой нь тодорхой/ гэхээсээ илүү Монголын үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын компаниуд Оюутолгойн бүтээн байгуулалтад гар бие оролцон, бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлэх “хувь тавилан” байна уу, ингэхэд монголчуудад.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж