Усны талаар мэргэжилтнүүд хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Усны талаар мэргэжилтнүүд хэлэлцлээ

Дэлхий дахин цэвэр усны асуудал руу анхаарлаа хандуулж байгаа энэ үед манай улс хожимдож, энэ тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр усны нөөцийн хэмжээ 608 сая шоо метрт хүрнэ гэсэн дүн гарчээ. Гэтэл ус ашиглалт хэрэглээндээ бид жилд 500 сая шоо метрийг зарцуулдаг байх юм.
Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор энэ сарын 21-нд манай улсын усны мэргэжилтнүүд МҮЭСТО-нд “Ус” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Усны газрын орлогч дарга З.Батбаяр, БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратеги, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Бүнчинжав болон ахмад, залуу үеийн усны мэргэжилтнүүд оролцон, санал бодлоо солилцлоо. Уул уурхай, үйлдвэржилт хурдацтай хөгжиж байгаа нь нэг талаар эдийн засгийн таатай хөрс суурь ч нөгөө талаас байгалийн баялаг, ялангуяа усны нөөцийг ихээр хомсдуулагч хүчин зүйл болдог байна.
Үүнийг шийдэх хууль эрх зүйн зохицуулалт сул үлбэгэр байгааг ч энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Мөн иргэдийн цэвэр устай хайнга ханддаг байдлыг халах зорилгоор усны хэмнэлттэй техник хэрэгсэл нэвтрүүлэх, тоолууржуулах ажлыг өрнүүлэхээр болсон байна. Ус бохирдуулсан этгээдийг хариуцлагад татах, бохир ус цэвэрлэх байгууламжийн бие даасан үйл ажиллагааг хангахаас өгсүүлээд эдийн засгийн  зөв механизмыг бүрдүүлэх шаардлага байгаад мэргэжилтнүүд дуу нэгтэй санал нэгдэж байсан юм. Усны тухай хуульд дээрх  нэмэлтүүдийг тусгаснаар ус ашиглагч субъектүүдийн  эрх үүрэг,  хариуцлага тодорхой болж, санхүүжилтийн эх үүсвэр нь хүртэл хуульчлагдах гээд олон эерэг үр дагаврыг авчирна гэж тэд тооцоолж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж