Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Мали дахь исламын хэт даврагсдын бослогыг гааруулахгүйн тулд тус улсад явуулж буй Францын цэргийн ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд бүгд дэмжлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Франц Малигийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож буйг буруутгаагүй бөгөөд тус улсын Үндсэн хууль болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахиулахад харин ч тустай гэж үнэлжээ.

Хүн амын 90 хувь нь лалын шашинтай Мали улсын газар нутгийн бараг талыг лалын даврагсад хяналтдаа аваад байна. Баруун Африкийн хамгийн ядуу орнуудын нэг байсан Мали улсын эдийн засаг 1990 оноос хойш огцом өсч, ардчиллыг “үрчилж” авсны ачаар тогтвортой байдал ажиглагдаж байв.  Гэвч 2012 онд Малигийн хойд нутагт цэргийн эргэлт гарахад өөрсдийгөө Туарег хэмээн нэрлэсэн исламын босогчид үймээнийг ашиглан тус бүсэд хяналтаа тогтоон, улмаар өмнөд дэх Засгийн газрыг унагана гэж сүрдүүлэх болсноор хар тивийн жижиг оронд байдал хурцдаж эхэлжээ. Удалгүй исламистууд хойд бүс нутгийн гол хотуудыг эзлэхээр дайрах болов.

Өнгөрсөн долоо хоногт исламын салан тусгаарлагч нэгэн бүлэглэл Малигийн төв хэсэг дэх Диабали хотыг эзэлснээс цэргийнхэн Францын армитай нийлэн агаараас сөрөг довтолгоо хийсэн байна. Францын арми Малигийн исламын хэт даврагсдын эсрэг цэргийн ажиллагааг өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн юм. Учир нь Малиг нэгэн цагт колоничилж байсан Францын эрх баригчид исламын хэт даврагсад нийслэл Бамакод хяналтаа тогтоовол бүс нутагт улам аюул авчирна гэж болгоомжилсных юм. Цэргийнхэн болон исламын дайчдын хяналтад хоёр хуваагдсан Малид туслахаар хөрш Нигери 600 цэрэг, Сенегал, Буркина Фасо, Того зэрэг улсууд 500 цэрэг, Бенин 300 цэргийн хүч илгээхээ амлажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Францын хүсэлтээр Нью-Йорк дахь төв байрандаа яаралтай хуралдав Хурлын дараа НҮБ дахь Францын суурин төлөөлөгч Жерард Аро “Франц улс Зөвлөлийн 14 гишүүн орны дэмжлэгийг авлаа” хэмээн  мэдэгджээ. Үүний сацуу Франц аль болох богино хугацаанд баруун Африкт цэрэг оруулахыг хүсч байгааг дурдсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Малид цэрэг оруулахыг зөвшөөрч, шийдвэр гаргасан юм. Энэ дагуу Франц 2013 онд 3000 цэргийн хүчээ Малид оруулах аж.

Одоогоор Францын арми Малигийн нийслэл Бамако болон Мопти хотыг хамгаалах 550 цэргийг илгээсэн бөгөөд цаашид 2000 цэрэг нэмж илгээх аж. Харин Мали дахь цэргийн ажиллагааг дэмжиж  Францын армид Англиас хоёр C17 карго онгоц, Данийн вант улсаас ачаа тээврээр туслахаа амлажээ. Тусламжийн ажилтнуудын хэлснээр Францын агаарын довтолгоо хийх бүсээс сүүлийн дөрөв таван өдрийн дотор хэдэн зуун хүн дүрвэж байгаа гэнэ. Олон  хүн орон гэрээ орхиж, дүрвэж буй нь хүмүүнлэгийн ажилтнуудыг тэдэнд хоол хүнс, анхны тусламж үзүүлэх ажиллагаанд саад учруулж эхэлжээ.

Малигийн хойд нутагт исламын босогчид хяналтаа тогтоох хүртэл тус улс Африк дахь ардчиллын тод жишээ болж байсан юм. Алан хядагч Аль-Кайда байгууллагатай холбоотой баруун Африкийн Жихад хөдөлгөөнийхөн Францыг энэ үйлдлийнхээ төлөөсийг хүртэнэ хэмээн анхааруулсан байна. Үүний зэрэгцээ Малигийн хөрш Алжир тус улстай цөлөөр заагладаг хилээ хааж, Францын байлдааны онгоцуудыг агаарын хилээр нэвтрэхийг зөвшөөрчээ.

Малид исламын босогчид хэт даварсны гол шалтгаан нь хууль, хяналт сул бөглүү бүс нутагт алан хядагч Аль-Кайдагийн гар хөл хурдан хүрч, газар авсантай холбоотой. Дэлхийн хамгийн ядуу буурай 25 орны нэг Малигийн эдийн засаг нь алт болон  хөвөнгийн үйлдвэрлэлээс хэт хамааралтай. Африкийн хамгийн том хөвөн үйлдвэрлэгчдийн нэг Мали эртнээс баян орнуудын хөвөн тариалагч фермүүдийн эсрэг хүчтэй лобби явуулж иржээ. Гэвч гадаад худалдааны ужгирсан алдагдал энэ улсыг гадаадын зээл тусламж болон гадаадад ажилладаг маличуудын мөнгөн гуйвуулгаас  хамааралтай болгосон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж