
Өнгөрөгч онд ҮСХ–ны хамт олон Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаар Улаанбаатар хотын бүлэг байгуулах санаачлага гаргаж, НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар батлуулж, 2012 оны наймдугаар сарын 20-21-нд анхдугаар хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулжээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын программыг онлайн орчинд боловсруулж, анх удаа сумын түвшинд онлайнаар шивэлтийг хийсэн болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ядуурлын үзүүлэлтийг аймаг, сум, дүүргээр нарийвчлан тооцох гэх зэрэг ажлыг хийсэн байна.
Статистикийн газраас өнгөрсөн жил ядуурлын тухай судалгааг гаргахдаа 2010 оны Хүн ам, орон сууцны улсын тооллого, өрхийн эдийн засгийн судалгааны 2011 оны мэдээллийг суурилан, зохих судалгааг нэмж, дэлгэрүүлж хийжээ.
Ядуурлын хамралтын хувьд орон нутгаар ялган авч үзвэл, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Ховд аймгуудад өндөр, Өмнөговь, Дорноговь, Увс, Баян-Өлгий аймгуудад харьцангуй бага байсан аж. Ажил, хөдөлмөр эрхлэлтийн хувьд, судалгаат хугацаанд нийт ажиллагсдын 45 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ талаар эдийн засагчид зах зээлийг тэлэхэд хувиараа болон жижиг дунд үйлдвэрийн бизнес чухал үүрэгтэй гэж үзэж буй. Хэдий тийм боловч хувиараа хөдөлмөр эрхлэгч нь нийгмийн халамж, үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа юм. Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн дураараа хийлгэх ёстой бөгөөд энэ нь хамгийн учир дутагдалтай байна. Тиймээс статистикийн байгууллагаас нийгмийн, хүн амын судалгааг хийхдээ салбаруудын бодлого, чиглэлд нөлөөлөхүйц бодит, шуурхай байдлаар судалгаагаа гаргах нэн тэргүүний шаардлагатай байгаа ажээ.