
Хотын мээр Э.Бат-Үүл “Том цүнх сугавчилсан компанийн захирлууд "Хангарьд" ордны аль нэг өрөөнд төрийн албан хаагчтай ажил хэргээ тохиролцож бүтээдэг явдал сүүлийн үед харьцангуй ихсээд байгаа. Бизнесийн төлөөлөл төрийн албан хаагч хоёрын дунд ямар тохиролцоо, наймаа явагдаж байгааг мэдэх ямар ч арга алга. Жишээлэхэд, хэн нэгэн “Э.Бат-Үүл дарга авлига авч асуудлыг минь шийдвэрлэж өгнө үү, гэсэн чинь зөвшөөрсөн” гэж гүтгэх бүрэн боломжтой байгаа юм. Миний өрөөнд надтай уулзсан нь үнэн болохоос ямар яриа өрнөснийг батлах аргагүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон” гэв.
Тэд юу шивнэлдсэнийг хэрхэн мэдэх вэ? Энэ бол тун амархан гэнэ. "Хангарьд" ордонд төрийн албан хаагчтай уулзахыг хүссэн иргэн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн утас 1200, 1234 утас, www.ulaanbaatar.mn сайт, мөн НЗДТГ-т хэнтэй, ямар ажлаар уулзах гэж байгаа тухайгаа бичин өргөдөл гаргах юм байна. Иргэдийн саналыг хүлээн авч хэзээ уулзахыг төд удалгүй эргэн мэдээлэх юм байх. Харин хүсэлт, өргөдөл, гомдол гаргасан иргэнтэй уулзах үедээ “Дараа уулзахдаа шийдвэрлэж өгий. Судлаж үзээд хариу өгье” гэж хэлэлгүй шууд шийдвэрлэж өгч байхыг Засаг дарга үүрэгдэх ажээ. Хангарьд ордонруу нэвтрэх эрхийн үнэмлэх бүхий иргэд уулзах төрийн албан хаагчтай уулзалтын тусгай өрөөнд уулзах ба тэмдэглэл хөтлөгч хамт байлцаж юуны талаар ярилцсаныг тусгайлан тэмдэглэн үлдээх ажээ. Энэ процесс нь хуулийн байгууллагад байцаалт өгөх, хорих ангийн хүмүүжигчтэй уулзахтай ижил болсон байна гэж эгдүүцэх иргэд ч цөөнгүй байна.
Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын ажилтантай хэн нэгэн барилгын компанийн захирал уулзаж “найраа” хийх боломжийг бүрэн хааж байгаа нь энэ гэнэ.
Ямартай ч төрийн байгууллагуудыг авлигааас хол байлгахын тулд гаргаж байгаа хотын даргын шийдвэр тун удахгүй биелэлээ олох нь.