Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш нараа боловсруулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш нараа боловсруулж эхэлжээ

Хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтын хоёрдугаарт бага ангийн багш жагсчээ. Багш мэргэжилтэн хамгийн олон байдаг ч бага ангийн багшийн орон тоо хаа сайгүй дутмаг хэвээр байгааг эл жагсаалт харуулж байна. Хүрэлцээ муугаас шалтгаалж ачаалал ихтэй ажилладаг бага ангийн багш нараа боловсруулах үүднээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс бага ангийн багш нарын сургалтыг хүүхдүүд амрах цагаар зохион байгуулж эхэлжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн хоёр дахь удаагийн сургалтад Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн 109 багш оролцож байна. Сургалтад 5-7 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нар оролцож байгаа юм. Сургалтын гол зорилго нь “Эрдэм боловсролтой Монгол хүн” боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу “Зөв монгол хүүхэд”  төлөвшүүлэхэд чиглэх ажээ. Нийслэлийн 44,93 дугаар сургууль болон “Эрдмийн өргөө” цогцолборт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн явцтай танилцах хөтөлбөрийг ч багш нарын сургалтад багтаасан байна. “Боловсролын анхдагч суурийг тавьдаг бага ангийн багш нарын харьцаа хандлага, хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална. Тйимээс бид хүүхдээ хөгжүүлэхийн тулд багшаа эхэлж хөгжүүлж байна” гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа сургалтын нээлтэд оролцохдоо онцолсон.

Улиралд нэг удаа дүнгийн хуралд суух гэж сургуулийг зорьдог эцэг эхчүүдийн хандлагыг ч өөрчлөх хэрэгтэй болсныг багш нарын сургалтын үеэр хөндөж байсан. Ядаж сардаа нэг удаа аав ээж нар нь багштай уулзаж хүүхдийнхээ хичээл сурлагыг анхаардаг болгохын тулд сургуулиуд олон төрлийн ажил зохиож эхэлсэн гэнэ. Нийслэлийн 45 дугаар сургууль л гэхэд “Хүүхэд оношлох өдөр” зохион байгуулах болсон байна. Энэ удаагийн сургалтад оролцож буй зуу гаруй багшийн ердөө хоёр нь л эрэгтэй багш байсан юм. Тэдний нэгтэй уулзаж товч ярилцсанаа хүргэе.

Зургаан настнуудын аав ээж, эмээ өвөөг орлох үе бий

Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын багш Ц.Хонгорбат яриагаа ийн эхэлсэн юм. Тэрбээр долоо дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна.

-Бага ангийн багшийн мэргэжлээр голдуу охид суралцдаг. Өөрөө яагаад энэ мэргэжлийг сонгов?

-Тухайн үед багшийн сургуулийн үнэлэмж өндөр байсан. Миний хувьд урилгаар багшийн сургуульд орсон. Нагац ахынхаа мэргэжлийг өвлөсөн хэрэг л дээ.

-Хүүхдүүдтэй ажиллахад хүндрэл гардаг уу, эрэгтэй хүний хувьд. Ангийн хүүхдүүдийн хүйсийн ялгаа их байна уу?

-Эхний ангиа авахдаа жаахан тэвдсэн. Сүүлдээ туршлага суусан даа. Хүүхдүүдийн хүйсийн хувьд бараг л тэнцүү дээ. Харин түрүүчийн ангид маань хөвгүүд олон байсан. Эрэгтэй багш болохоор тэгсэн үү манай ангид хөвгүүд олон байсан.

-Зургаан настай хүүхдүүдэд долоон настнуудаас ялгаа байх юм уу?

-Ялгаатай. Наад зах нь бие даах чадвар, амьдралд суралцах нь хүртэл ялгаатай. Зургаан настнуудын хувьд аав ээж, эмээ өвөөг нь орлох үе зөндөө тохиолдоно. Гэхдээ хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой. Хүүхдийн ертөнцийг багш нар л бүхнээс илүү ойлгодог.

Кембрижийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн

Дорноговь аймгийн хоёрдугаар сургуулийн багш Б.Болор-Эрдэнэ өөрийн мэргэжлээ “Хамгийн гэгээлэг мэргэжил” хэмээн тодорхойллоо.

-Үсэг нийлүүлж, үг холбохоос эхлээд тоо бодохыг анхлан сургана гэдэг амаргүй. Шантарч тэвдэх үе олон байсан уу?

-Оюутны эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл заалгаж байхдаа жаахан хэцүү, сонирхолгүй санагддаг байсан. Гуравдугаар курсээсээ дадлага хийгээд хүүхдүүдтэй ажиллаад эхлэхээр мэргэжилдээ дуртай болдог юм билээ. Би нийслэлийн 97 дугаар сургуульд хоёр жил дадлага хийсэн. Хүүхэд их хөөрхөн шүү. Заасныг сураад уншаад бичээд эхлэхээр бүр ч хайр хүрмээр байдаг.

-Хэд дэх ангиа авч байгаа вэ. Ангийн онцлог гэж байна биз?

-Хоёр дахь ангиа авч байгаа. Манай ангид энэ жилээс Кембрижийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд нэг бүрийнхээ чадварыг үнэлэх, тэднийг үнэлж дүгнэхэд энэ хөтөлбөр их дөхөмтэй санагдсан.

Залуу багш нар ийн өгүүлж байна. Тэдний амнаас хөдөө ажиллах болон хүүхдүүдээ сургахад төвөгшөөсөн үг хэллэг нэг ч гараагүйг энд онцолмоор байна. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багшаа хөгжүүлнэ гэдэг үнэхээр оносон шийдвэр. Манай улс боловсролын тогтолцооны хувьд  ойрын жилүүдэд гар хүрэхээргүй олон улсын жишигт хүрсэн гэдгийг яамны мэргэжилтэн онцолж байсан. Одоо гагцхүү боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгаа юм байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт хоёрдугаар сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж