Пакистаныг өөрчлөх зорилготой “Саятны жагсаал” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Пакистаныг өөрчлөх зорилготой “Саятны жагсаал” эхэллээ

Олон мянган лалын шашинтнуудыг нэгтгэсэн хувьсгалын хөдөлгөөнийхөн Пакистаны улс төрийг цэвэрлэж, одоогийн эрх баригчдыг түлхэн унагаахаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Лалын философич, улстөрч Тахир уль Кадригаар удирдуулсан хөдөлгөөнийхөн өчигдөр орой Исламабад хотын “цэнхэр бүс” гэгддэг төв хэсгээс жагсаалаа эхлүүлсэн байна. Тахир уль Кадри жагсаалыг “Энэ бол хувьсгалын эхлэл” хэмээгээд, өнөөдөр өглөөнөөс эхлэн улсын болон орон нутгийн эрх баригчдыг суудлаас нь түлхэн унагаах ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгджээ. Мөн тэрээр хөдөлгөөнд нэгдсэн лалын шашинтнуудад хандан зорилгодоо хүрэх хүртэл нийслэлээс явахгүй байхыг уриалсан байна.

Хувьсгалын хөдөлгөөнийг зохион байгуулагчид тус жагсаалаа "Million Man March" /Саятны жагсаал/ гэж нэрлэсэн ч одоогоор 20 мянга гаруй хүн нэгдээд байна. Олон мянган жагсагчдыг зогсоохын тулд Исламабад хотод цагдаа, цэргийнхэн хамгаалалтын зурвас үүсгэжээ. Үүний зэрэгцээ Пакистаны төрийн далбааг барьсан хүмүүс автомашин, автобус, бүхээгт машин  зэрэг тээврийн хэрэгслүүдэд олноороо чихэн сууж, багтахгүй нэг нь алхаж, нийслэлд болж буй жагсаалд нэгдэхээр ирцгээж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр  Тахир уль Кадригийн үүсгэсэн хөдөлгөөнийг Пакистаны либерал улс төрийн  нам болох Муттахида Кауми хөдөлгөөн дэмжиж байгаа юм байна.

Тахир уль Кадри нь лалын шашин дахь шид тарни агийн ёсны чиглэлийг баримтлагч бөгөөд Пунжабын их сургуулийн олон улсын үндсэн хуулийн профессороор ажиллаж байжээ. Тэрээр найман жилийн турш Канадад байсны эцэст өнгөрсөн сард Пакистанд эргэн ирсэн байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж