
Жишээ нь, иргэн “Б” 60 настай бөгөөд Монгол Улсын нийгмийн даатгалд 12 жил шимтгэл төлсөн, Унгар улсад 14 жил ажиллаж амьдрахдаа тус улсын нийгмийн даатгалын шимтгэлийг мөн төлж байсан. Тэгвэл иргэн “Б” Бүгд найрамдах Унгар улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн 26 жилээр тооцуулж, хоёр орноос тэтгэврээ тогтоолгох ажээ. Ингэхдээ тэтгэвэр тогтоолгох насандаа хүрсэн ч Монгол Улсын хууль ёсоор шимтгэл төлсөн 12 жилдээ ногдох тэтгэврээ тогтоолгож, сар бүр авч болох юм. Харин Унгарын талаас тэтгэвэр авах эрх нь 62 наснаас үүсэх хуультай бөгөөд тэтгэвэр авахын тулд 20 жил нийгмийн даатгалын шимтгэл авах ёстой байдаг ажээ. Тиймээс иргэн “Б”-ын хувьд хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас хоёр жилийн дараа буюу 62 нас хүрмэгцээ Унгар улсын нийгмийн даатгалын сангаас 14 жил шимтгэл төлснийхөө хувийг тооцуулж тэтгэвэр авах боломжтой болох нь. Ингээд иргэн “Б” Унгарт ажиллаж, төлж байсан шимтгэлээсээ тэтгэврээ тогтоолгох гэж 62 нас хүртлээ хүлээх хэрэг гарч байгаа ч энэ хугацаанд Монголын талаасаа тэтгэврээ аваад явж байж болно.
Монголчууд Бүгд найрамдах Унгар улстай эртнээс харилцаа сайтай байсан бөгөөд тус улсад оёдол, сүлжмэл, үйлдвэрийн салбарт өнөөг хүртэл ажилласаар байгаа аж. Одоогийн байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэн сурч, ажиллаж байна. Дээр дурдсан хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэний хөдөлмөрийг эрх тэгш үнэлэх, гадаад оронд шимтгэл төлж байсан бол түүнийхээ үр шимийг мөн л эрх тэгш хүртэх боломжоор хангаж байгаа юм. Хэрэв та Бүгд найрамдах Унгар улсад ажиллаж, нийгмийн даатгал төлж байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ талаар сайтар лавлаараай. Эсвэл бидэнд асуултаа ирүүлээрэй.