Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” /МТЗ/ төрийн өмчит компанийн захирал М.Энхсайханыг нь ажлаас нь өөрчилсөн тухай мэдээлэл цацагдсан. Түүнийг өмнөд хөрш рүү татах төмөр царигийн асуудлаар салбарын сайдтайгаа санал зөрөлдсөний улмаас ажлаасаа халагдсан гэж буй. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа М.Энхсайханыг халах тушаал гаргасан Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг ажлаас нь халж орхисон. Ээлжит халаа сэлгээний тухай яриа намжаагүй байхад М.Энхсайханыг ажилд нь эргүүлэн тавих гэж байна гэсэн жиргээ ч өнөөдөр өглөө дэгдэж амжсан юм. Харин тэрээр өөрөө энэ талаар “Одоогоор ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. “Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж байж эцсийн шийд гарна” хэмээсэн. Гэхдээ мөн “МТЗ”-ын ТУЗ Төрийн өмчийн хорооныхоо шийдвэрийг дагна гэдэгт нэг их эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр “МТЗ”-ын ТУЗ хуралдаж, М.Энхсайханыг албан тушаалаас нь халах шийдвэр гаргасан байна. Уг нь журмын дагуу албан ажлаа хүлээлгэж өгч байгаа М.Энхсайхан түүний үүргийг гүйцэтгэх дэд захирал Бат-Эрдэнэ нар ТУЗ-ын хуралд байлцах ёстой ч М.Энхсайхан оролцоогүй байна. М.Энхсайханыг ТУЗ-ын хуралд урьсан ч ирэхгүй байгаагаас ийн албан ёсоор ажлаас нь халах нь хойшлогдож байсан гэж албаны эх сурвалж тайлбарлалаа.
Д.ЦЭЭНЭ