Хэдийгээр Хойд Солонгос даяар өнгөрсөн намар болсон байгалийн гамшгийн улмаас ард иргэд хоол, хүнсний хомсдолд нэрвэгдэн зовж зүдэрч байгаа ч Ким Чен Ун иргэдэд хоол хүнс тараахын оронд хүүхдүүдэд чихэр тараасан аж. Түүний энэ алхмыг Ким Чен Ун Санта Клаусын дүрд хувирлаа хэмээн “AP” агентлаг мэдээлжээ. Бүх хүүхдэд чихэр хүргэхийн тулд залуу удирдагч нисдэг тэрэг ашигласан тухай умардын үндэсний радио телевиз мэдээлсэн байна.
Хойд Солонгосын удирдагчид төрсөн өдрөөрөө бэлэг тараах уламжлал 1980 оноос буюу Ким Ир Сенийн үеэс эхтэй аж.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр Хойд Солонгосын гурван хүүхэд тутмын нэг нь архаг хүнс тэжээлийн дутагдлын улмаас өсөлт нь удаашралтай байдаг байна. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын ард иргэд байнга өлсгөлөнд нэрвэгддэг бөгөөд 1994-1998 оны хооронд явуулсан судалгаагаар Хойд Солонгост нэг сая хүн өлсгөлөнгийн улмаас амь үрэгджээ.