
Сувилагчийн буруугаас нь түлэгдсэн нярай охины биеийн байдал сайжирч, энэ долоо хоногт аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлэхээр болжээ. Баянхонгор аймагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд дөнгөж төрсөн нярай охиныг сувилагч угаах гэж байгаад шалз халуун усаар түлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Охиныг түлэгдсэнээс дөрөв хоногийн дараа нийслэлд авчирч эмчилж эхэлсэн. Нярайн биеийн 50 орчим хувь түлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар түлэгдэлтийн 90 орчим хувь нь эдгэрсэн, биеийн хордлого арилж, цусархаг тууралтгүй болсон гэнэ. Тиймээс түүнийг ээжийнх нь хамт Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү маргааш шилжүүлнэ гэнэ. Мөн дашрамд мэдээлэхэд нярайн ар гэрийнхэн Эрүүл мэндийн яамны 1111 төвөөр дамжуулан тусалж, дэмжсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Үүнд “Охинд минь сэтгэл гарган, шуурхай арга хэмжээ авч эмчилгээ эхлүүлж өгсөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, тусламж үзүүлсэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга, УИХ гишүүн Н.Батцэрэг, УИХ гишүүн Д.Ганбат, “Max group”-ын ерөнхийлөгч н.Ганбаатар, Эрүүл мэндийн яамны дарга, удирдлагууд болон ГССҮТ-ын удирдлага, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон, эмчлэгч эмч С.Энхтуяа, 1616 лавлах, “Баярлалаа” төв,” Гурван гал” эмнэлгийн эмч н.Түмэннасан, биднийг Улаанбаатар хотод хүргэж ирсэн нярайн их эмч н.Тоджаргал нартаа гүнээ талархаж байна” гэжээ.
Дашрамд, хариуцлага алдсан сувилагч н.Цэрэнлхамыг ажлаас нь чөлөөлж, аймгийн цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ