“U2” хамтлагийн Bono аялан тоглолтоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

“U2” хамтлагийн Bono аялан тоглолтоо хойшлуулав

Алдарт “U2” хамтлагийн гоцлол дуучин Bono гэмтэл авсаны улмаас Германы Мюнхен хотын "Klinikum Grosshadern" хэмээх эмнэлэгт хүргэгдэн, яаралтай мэс засал хийлгэсэн байна. Ийнхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас аялан тоглолтоо хойшлуулахаар болжээ.
Өдгөө 50 настай дуучин Дэлхийг тойрох "360 Degree" аялан тоглолтоо Хойд Америкт үргэлжлүүлэхэд бэлэн болоод байсан ба ирэх зургадугаар сарын 3-нд Salt Lake City-д анхны тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм.
Тоглолтыг зохион байгуулж буй “Principle Management Limited” компанийн хувьцаа эзэмшигч, ерөнхий менежер Paul McGuinness “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Энэ золгүй үйл явдлаас бол фэнүүддээ таагүй байдал үүсгэж байгаад харамсаж байна. Удахгүй Bono-гийн биеийн байдал сайжрах болно. Тэр үед аялан тоглолтын төвөө эргэн зарлана” хэмээн мэдэгджээ.
Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч “Bono-гийн хагалгаа амжилттай хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн байгаа. Гэхдээ эмнэлэгт нилээд хэд хоног хэвтэх төлөвтэй байна. Эмнэлгээс гараад гэртээ биеэ тэнхэртэл хэсэг хугацаанд байх шаардлагатай. Биеийн байдал хэвийн болонгуут аялан тоглолтоо үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгджээ.
U2 хамтлаг 2009 онд хийсэн аялан тоглолтоосоо нийтдээ 109 сая ам.долларын ашиг олсон аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж