Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байгаа ч үр дүн төдийлөн харагдахгүй байгаа учраас өнөөдрийн зөвлөгөөнөөс нааштай үр дүн хүлээж байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд онцолж байлаа.
Нийслэлийн агаарын бохирдлын талаар ярьж байгаа хүмүүс нь олон болсон ч хийж байгаа бодит үр дүн харагдахгүй байгаа гэдгийг гишүүд онцолж байлаа. Энэхүү зөвлөгөөнөөр холбогдох албаныханаас мэдээлэл авч, цаашид ямар гарц байгаа талаар ярилцахаар болжээ. Энэхүү зөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Эмэгтэй гишүүдийн зүгээс санаачилж байгаа зөвлөгөөнөөс бид гарц олохыг зорьж буй. Утаа бууруулна хэмээн олон жил ярьсан. Зөвлөгөөнөөс гарах хамгийн том шийдлийн нэг нь Эрүүл хот хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй юм байгаа юм. Эрүүл хотод суурьшин амьдрах гэж байгаа иргэн бүр тодорхой үүрэг даалгаварыг биелүүлж, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Одоо байгаа төвлөрлийг бууруулахын тулд дагуул хотуудыг байгуулах, бохирдлыг бууруулахын тулд богино хугацаанд их мөнгө зарахаас илүү том бодлогоор, цогцоор нь ажиллах ёстой” гэлээ.