Харин дээр дурьдсан журмыг хүчингүй болгох тушаалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гарын үсэг зураагүй бөгөөд энэ тохиолдолд прокурорын байгууллага нэг сайдын гарын үсэгтэй тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Хууль зүйн сайдын хувьд уг журмыг хүчингүй болгоход яарахгүй байгаа шалтгаанаа “Одоо шинээр боловсруулагдаж буй Эрүүгийн хуулинд эрүүгийн хэргийг хүнд болон онц хүнд гэж ангилах явдал нэгэнт халагдаж байгаа тул шинэ хууль гарснаар энэ журам ч бас хүчингүй болно. Тиймээс үүнээс урьтаж нэг хүнд зориулж хууль, журам гаргахгүй” гэдэг байр сууриа Эрүүл мэндийн сайд болон МАХН-ын гишүүдэд хэлж байсан билээ.
Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2002 онд баталсан уг журамд ”Хүнд болон онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” гэсэн нь тэдгээр эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гаргасан журам аж. Гэвч Н.Энхбаярын хувьд “Хорихын эмнэлэгт эмчлүүлэхгүй, эмчид нь үзүүлэхгүй” хэмээн цахдаж байгаагаас болж Эрүүл мэндийн сайд ийнхүү журмаа зөрчихөд хүрсэн бололтой.