“650” инээдмийн кино, “03:30” сэтгэхүйн аймшгийн бүтээлээрээ Монголын кино ертөнцөд танил болсон “Шинэ ертөнц”-ийнхөн “Ерөнхийлөгчийн туслах” нэртэй ээлжит уран бүтээлээ дэлгэх гэж байна. Тэдний шинэ бүтээлийн зохиолыг М.Энхдалай бичиж, найруулжээ. Энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа уг киноны гол дүрийг соёлын тэргүүнийн ажилтан О.Отгонбат болон залуу жүжигчин Д.Төмөрбаатар, Б.Цэсэндорж, И.Мөрөн нар бүтээжээ. Дөрвөн улирлыг дамнаж зураг авалт хийсэн уг киноны уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ “Хамгийн гэгээлэг” хэмээн тодотгож буй. Инээдмийн өнгө аястай энэхүү киног бүх насныханд зориулсан бөгөөд киноны гол санаа, утга агуулгыг тэд үзэгчдэд барих бэлэг болгон үлдээж байгаа аж. Тиймээс “Ерөнхийлөгчийн туслах” юун тухай өгүүлэхийг нийслэлийн болон орон нутгийн театруудад тун удахгүй үзэж болох нь ээ.
Г.ДАША